Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

Огноо:

,

Төрийн банк, Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д 2024.04.22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь салбарын мэргэжилтнүүд, банк, бизнес эрхлэгч, худалдан авагчид нэг дор цуглан асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэн, зээлээ шуурхай шийдвэрлүүлэх гэх мэт шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон байдлаар зохион байгуулагдсан анхны Тогтвортой хөгжилд чиглэсэн үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог аж. 

Тус үзэсгэлэн худалдаагаар дамжуулан иргэд Төрийн банкны явуулын банкаар үйлчлүүлэн сонирхсон бараа бүтэгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгслийн зээлээ шуурхай шийдвэрлүүлэн авсан байна. Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажилладаг бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон зээлийг зах зээлд хамгийн таатай нөхцөлөөр санал болгодог. 

Мөн энэ үеэр “Амины орон сууцны технологи шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж амины орон сууц барихаар зорьж буй хүмүүс тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн бөгөөд барилга, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, олон нийтэд нээлттэйгээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зах зээл, ирээдүйн чиг хандлага;
  • Барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт;
  • Смарт, Хайбрид хаусны загвар төсөл; 
  • Нийтэд хүртээмжтэй барилгын төлөвлөлт; 
  • Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны төсөл. 

Байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэн үзэсгэлэн худалдаанд оролцож, үнэ цэнтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцсан хамтран ажиллагч байгууллагууд, мэргэжлийн экспертүүд, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 16-21 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 26..31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 22-ноос 2024 оны тавдугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг засварлаж байна

Огноо:

,

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замд засвар, шинэчлэл хийх гэж байна. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийнэ. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм бэлдмэлүүд

Огноо:

,

Яаралтай тусламжийн 7 хүртэл хоногийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг өвчтэй хүмүүсийн хэрэглэх Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой.

Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэж тоо хэмжээг нь тогтоож улсын хилээр нэвтрүүлдэг
Энэ тохиолдолд бол тусгай зөвшөөрөл шаардахгүй, ямар нэгэн татвар ногдуулахгүй. Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дараах төрлийн эм бэлдмэлүүд байдаг.

Үүнд:

- судсаар сэлбэх шингэн,
- антибиотик  тариа,
- мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм,
- цусны бэлдмэл сийвэн орлох эм,
- нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл байдаг гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох