Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Гепатитын Д вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусний халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусний халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан.

Монгол Улс гепатитын вирусний халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Гепатитын вирусний А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.

Гепатитын Д вирусний халдвар ихэвчлэн гепатитын Б вирусний халдвартай хавсардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусний халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай байна. 

Гепатитын Д вирусний халдварыг эмчлэхэд "Булевиртид" эм үр дүнтэй хэмээн гэж үзэж байна. "Булевиртид" нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.

Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас "Булевиртид" эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс "Булевиртид" эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын Б, Д вирусний эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

"Булевиртид" эмийг анх ОХУ нээсэн бөгөөд эмийн патентаа АНУ-ын "Gilead Science" компанид зарснаар "Gilead Science" компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн ба гадаад улс орнуудад экспортлох боломжгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.1.5-д заасан “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээн Засгийн газраас үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.

Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ. 

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ. 

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

•260 орчим орон тоог оновчтой болгож, 

•захиргааны зардлыг 10 хувь, 

•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 

•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна. 

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Огноо:

,

Прокурорын байгуулагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-22 ны өдрүүдэд 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүх  8 хүнд 1,6-9 жилийн хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.  Ял шийтгүүлсэн хүмүүсээс 2 нь эмэгтэй, 3 нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

-Э.С (43 настай, эрэгтэй) нь 2023-2025 оны хугацаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсан, хадгалсан,

Л.Г (37 настай, эрэгтэй,) Ц.Ц (33 настай, эрэгтэй) нар нь Э.С-ээс дээрх бодисыг олж авсан, бусдад худалдсан, Б.Б (44 настай, эрэгтэй), А.А (34 настай, эмэгтэй) нар нь олж авсан, хадгалсан, хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.С -г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял, Л.Г, Ц.Ц, Б.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг олж, авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.А-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

-Т.А (42 настай, эмэгтэй) нь БНХАУ-ын иргэн Z.X (50 настай, эрэгтэй) нар нь  бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Т.А, БНХАУ-ын иргэн Z.X нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Z.X-д 2 жил, 6 сар, Т.А-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

-Ц.С (49 настай, эрэгтэй) нь ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар ...тоот гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.С-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 3 жил, 10  сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох