Урлаг спорт
“Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн шагнал хүртээх тухай зарлигт:
“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:
- Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
- Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
- Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
- Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
- Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Харанга” хамтлагийн уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэн:
Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн өлзий бэлгэтэй энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд хүртээж байна.
1989 онд “Амьдрал” хэмээх анхны тоглолтоо хийсэн “Харанга” хамтлаг замналынхаа туршид монголчуудын таашаалд хүрсэн олон арван бүтээл туурвисан. Тэдгээрээс 10 бүтээлийг онцлон Төрийн шагналд нэр дэвшүүлж Ц.Энхманлайгийн үг, ая “Амьдрал”, Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”, Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана”, Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул” зэрэг олны сэтгэлд тод буусан таван бүтээлийг нэр цохон шагнаж байгаа юм.
Монголын ард түмний оюун санаа, сэтгэл зүрхэнд хоногшсон онцгой бүтээлүүдийг туурвин Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагналыг олголоо.
Хамтлагийн гишүүд Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш болон зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нар хамтдаа Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ.
Та бүхэнд уран бүтээлийн шинэ амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын дуу хөгжим өнөд дуурьсан, монгол түмнээ ашид баясгаж байх болтугай” гэлээ.
Урлаг спорт
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.
Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.
"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно.
Урлаг спорт
ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.
Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.
Урлаг спорт
“ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна
Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
Дэлхийн хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023” буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм.
Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна.
Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
Сэтгэгдэл