Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мэндчилгээ

Огноо:

,

Эрхэм хүндэт Авто замчид аа!

Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эртнээс нааш зам харилцааны ач холбогдлыг чухалчилж, “Торгоны зам”, “Цайны зам” зэрэг хүн төрөлхтний түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн зам харилцааны даяаршсан сүлжээг хөгжүүлэх, хамгаалах талаар геополитикийн том бодлого хэрэгжүүлж байсан, зам тээврийн өөрийн гэсэн нэн эртний уламжлалтай монголчуудын хувьд одоогоос яг 90 жилийн тэртээ авто зам, гүүрийн асуудал эрхэлсэн байгууллага байгуулсан нь техник, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэх том зорилгын илэрхийлэл байсан билээ. Өнөөдөр та бид Монгол улсыг бүхэлд нь хэрсэн авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй, үндэсний чадварлаг боловсон хүчний хүчирхэг армитай болж чадсан амжилтаар түүхт ойгоо угтаж байна.

Тус салбарыг ийнхүү хөл дээр нь босгож, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон салбар болгоход өөр өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн авто замчдаараа Монголын төр өнөөдөр бахархаж, та бүхнийхээ хийж бүтээсэн бүхнийг талархан үнэлж байна.
Монгол улсын 112.414 километр авто замын сүлжээний 14.918 километр нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамарч, үндэсний хэмжээний ачаа тээвэрлэлтийн 57.8, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг автотээврээр гүйцэтгэж байгаа үзүүлэлттэйгээр та бид 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ бол авто замын тээвэр Монгол Улсын хувьд ачааны хүндийг үүрч байгаа нэн чухал салбар, цаашид ч үүрэг хариуцлага нь буурахгүй онцгой салбар гэдгийг нотлон харуулж байна.

Сайн үйлчилгээ, сайн чанарын авто замын дэд бүтэц ямар ч улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэгч хүчин зүйл, төрийн бодлогын салшгүй хэсэг байдаг. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Монголын төр зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогынхоо нэг чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн ямагт ач холбогдол өгсөөр ирсэн билээ. Үр дүнд нь олон улс, улсын чанартай 9023.7 километр хатуу хучилттай авто зам, 26,680.5 метр ган, төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг авто замчид та бид хийж гүйцэтгэж, 20 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. Эдгээр бүтээн байгуулалтаас улс орон, байгууллага, айл өрх, хувь хүний хүртэж буй шууд болон дам үр өгөөжийг үнэлж баршгүй билээ.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөх, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн 2019 онд гэхэд л улсын хэмжээнд олон улс, улсын чанартай 30 төсөл, арга хэмжээний нийт 1549.4 километр хатуу хучилттай авто зам, 655.8 метр төмөр бетон гүүрийн барилгын ажил, орон нутгийн чанартай 118 төсөл, арга хэмжээний 218 километр хатуу хучилттай авто зам, 412 метр төмөрбетон гүүрийн барилгын ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийлээ.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр УИХ баталж, түүнтэй холбоотой дагаж мөрдөх журмууд хэрэгжиж эхэлснээр авто замын салбарын хууль, эрх зүйн орчин улам боловсронгуй болсон нь бас нэг том амжилт юм.

Авто замын салбарт орчин үеийн удирдлагын менежмент, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг тууштай нэвтрүүлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох, Монгол Улсыг хамгийн дөт замаар далайд гарцтай болгох, бүс нутгийн хэмжээнд олон улсын дамжин өнгөрөх тээврийн гол сүлжээг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг авто замчид та бид хүлээж байна.

Хөгжлийг түгээгч алтан шар замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй Монголын авто замчдын алдар, бадарч, амжилт ололт нь үеийн үед үргэлжлэн өртөөлөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох