Цаг үе
“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,009,561,360 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд хариуцагч “Монпеллетс” ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгохоор, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарын барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, хариуцагч “Монпеллетс” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,556,499,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, харин 453,062,310 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Улстөр нийгэм2025/12/15
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууца...
-
Цаг үе2024/01/24
ЦЕГ: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээл...
-
Цаг үе2023/11/30
RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна
-
Цаг үе2026/08/25
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
