Улстөр нийгэм
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд (2023.11.20) Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн төрөөс хэрэгжүүлж ирсэн татварын нэгдсэн бодлого болон өмнөх онуудад санаачлан эхлүүлсэн багц өөрчлөлтийн хүрээнд мэдээлэл өгөв. Тэрбээр, татварын суурь орчныг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх явцад салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлохоос гадна татвар нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй эдийн засгийг дэмжих хөшүүрэг байх учиртайг тодотголоо.
Аж ахуй нэгжүүдийн төлөөллийн хувьд, татварын бааз суурийг өргөтгөх нь чухал ач холбогдолтойг дурдаад, хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновтой зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлэхийн сацуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар зэрэг тухайлсан зохицуулалтуудын хүрээнд шийдэл дэвшүүлцгээсэн юм. Уулзалтад оролцогчдын зүгээс, ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг онцлогтой тул малдчын дунд татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг таниулах шаардлагатай байгааг хэлцгээлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, татварын шаталсан тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах замаар голлох салбаруудын нийт бүтээмжийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжийг бэхжүүлэхийг зорьж, энэ мэтчилэн салбарынхны санал, шийдлийг хамтдаа хэлэлцэх нь зүйтэй хэмээв. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Шударга мэдээ2021/03/16
What3words аппликейшн ашиглан иргэний амь насыг аварчээ
-
Улстөр нийгэм2020/11/18
Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, ААН-ийг эрсдэлээс хамгаалах ас...
-
Шударга мэдээ2023/05/22
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ хэд байдаг вэ?
-
Шударга мэдээ2020/04/30
М.Баярмагнайг ЗГХЭГ-ын Дэд даргаар томиллоо
Сэтгэгдэл