Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа

Огноо:

,

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар дээрх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх чуулганы өчигдрийн хуралдааны санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр тогтов. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Иймээс  Байнгын хороо энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хуралдаан даргалагч чиглэл болгосон юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв.  Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв.

Ингээд хуралдааны явцад УИХ-ын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн "Хууль хүчин төгөлдөр болох" гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг "Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тодорхойлж тусгах саналыг дэмжсэн Байнгын хороо саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжив.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгох санал дэмжигдсэн болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэг агуулгатай хэсэг нэмэхээр тогтлоо.

Ингээд Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний  хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь  авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.

Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.

Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 5 минут

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе15 цаг 9 минут

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Цаг үе15 цаг 14 минут

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Улстөр нийгэм15 цаг 24 минут

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Цаг үе15 цаг 28 минут

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Шударга мэдээ15 цаг 36 минут

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм15 цаг 41 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Улстөр нийгэм15 цаг 43 минут

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Цаг үе15 цаг 47 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Цаг үе2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Санал болгох