Цаг үе
“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад хүргэлээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ, арга хэмжээг Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн (2023.10.16) үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг танилцууллаа.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар төрийн албан хаагчдад танилцуулга, мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон дээрх аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг танилцууллаа.
Энэ үеэр төрийн албан хаагчдын зүгээс цахим архивыг хэрхэн бий болгох, хүн амын тооллогод цахим шилжилт хэрхэн үр өгөөжөө өгөх, аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээг “ХУРДАН” цэг, E-Mongolia аппликейшнд нэмэх, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Говьсүмбэр аймгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн цахим ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад камерын системыг хэрхэн сайжруулж ашиглах, интернетийн хурдыг аймгийн хэмжээнд хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуултуудыг асууж холбогдох хариултуудыг авлаа.
Төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэх уриа бүхий “ХУРДАН” цэг нь тус аймагт энэ оны 5 дугаар сард нээгдэж, хоёр байрлалд ажиллаж байна. Нээгдсэн цагаас өнөөг хүртэл нийт 3701 үйлчилгээг иргэдэд хүргэжээ.
12450 хүнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 5703 хүн тоон гарын үсэгтэй болсон буюу 49 хувьтай байна. Аймгийн төв болох Чойр сум нь 1168 өрхтэйгөөс 1082 өрх нь үүрэн холбоо гурвалсан үйлчилгээнд холбогдсон, хөдөөгийн багийн 767 өрхөөс 80 өрх нь дахин дамжуулах станцаар интернет сүлжээнд холбогдсон гэсэн судалгаа байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Цаг үе2021/03/19
Түргэвчилсэн оношлуурыг горимын дагуу ашиглахыг зөвлөж байна
-
Урлаг спорт2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн авт...
-
Цаг үе2023/12/18
Шинэ автобуснуудыг хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ
-
Цаг үе2022/08/24
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
