Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын төсөл хэрэгжинэ

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй авто замын төсөл хөтөлбөрүүдийн явц, шинээр хэрэгжих төслүүдээ эрчимжүүлэхээр тохирлоо.
 
Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк нь 1990 оноос хойш Монгол Улсын зам, тээврийн салбарт 55 төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа хэллээ. Одоогийн байдлаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 4 эгнээ болгох төслийн 5 багц барилгын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Ирэх 11 сард багтааж, ашиглалтад бүрэн оруулна. Дархан-Алтанбулаг чиглэлийн 118 км авто замын засварын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК шалгарч, ирэх 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр дуусгана.
 
Цаашид Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад онцгойлон анхаарч байна. Үүний хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км, Улиастай-Алтай сумыг холбох 198 км авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлснээр цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болгоно.
 
Мөн Алтанбулаг, Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Цагааннуур, Ярант зэрэг алслагдсан боомтуудын үйл ажиллагааг сэргээх зэрэг зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин уулзалтын төгсгөлд хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд манай хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлсэн авто замын барилгын ажлын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнд талархалтай байна" гэлээ.
 
Цаашид бүс нутгийн авто замын хөгжилд Азийн хөгжлийн банкны зүгээс илүү ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд талууд цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр харилцан ойлголцолд хүрлээ.
 
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч Шэннон Коулин нь эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгал чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай юм байна.
 
Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2023 оны наймдугаар сараас эхлэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай байна.
 
Үүнээс Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Нарийнтээл, Баянгол, Арвайхээр, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.
 
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1...3.6 градусаар дулаан, баруун аймгийн нутгийн зарим хэсгээр -3.5...-1.1 градусаар хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар бага орсон байна.
 
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
 
 
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,

  • Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой

Огноо:

,

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад  энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.

Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох