Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгээ 26 хувиар, бусад чиглэлд 10-15 хувь хямдрууллаа

Огноо:

,

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувь бууруулж, борлуулалтаа эхлүүлсэн. Тийзийн үнийг бууруулснаар суудал дүүргэлт нэмэгдэнэ. Хямдарч байгаа тийзийн үнэ тогтмол байх уу?

-Энэ хямдрал нь маркетинг биш. МИАТ ТӨХК нь үндсэн тарифтаа 2011 оноос өөрчлөлт оруулаагүй байсан. Улирлын чанартай, суудал дүүргэлт нэмэгдүүлэх, хямдрал, урамшууллыг зарим үед гаргаж байсан. 0-16 насны хүүхдийг үнэгүй тээвэрлэх, зарим тохиолдолд 1+1 ачаа зэрэг урамшууллуудыг зарладаг. Өнөөдрийн зарлаж байгаа гол асуудал бол ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд үндсэн тарифаа буулгаж байгаа юм. Тэгэхээр байнгын, тогтмол хэрэгжинэ.

-Яагаад одоо хямдруулж байна вэ. Өмнө нь хямдруулах боломж байгаагүй юу. Тийзийн үнэ бууруулснаар МИАТ ТӨХК алдагдал хүлээх үү?

-Монгол Улсын Засгийн газраас Агаарын тээврийн либералчлалд эрчимтэй анхаарч байна. Хоёрдугаарт, аялал жуулчлалыг дэмжих зорилготой. Аялал жуулчлал хөгжих тусам Монгол Улсад үр өгөөжтэй байна. Ингэхээр бид зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, жуулчдыг татах гол зүйл бол тийзийн үнэ, ая тухтай байдал, үйлчилгээгээ сайжруулах.

Мэдээж үнээ бууруулаад, алдагдалтай ажиллаж болохгүй. Зардлаа бууруулах зайлшгүй шаардлага гарсан. МИАТ ТӨХК-аас гарч байгаа нийт зардлын 30 орчим хувийг шатахуун эзэлдэг.  Том онгоц нэг цаг нислэг үйлдэхэд 7 тонн шатахуун зарцуулдаг.

Тийзийн үнэ бууруулах боломжтой болсон эхний шалтгаан нь шатахуунаа экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Ингээд шатахууны зардлаа бууруулснаар, тийзийн үнэ бууруулах боломж бүрдсэн.

Хоёрдугаарт, олон талт яриа, хэлэлцээ хийсний үр дүнд онгоцны түрээсээ тодорхой хувиар хямдруулж чадсан. Мөн МИАТ ТӨХК-ийн нийт ажилчдаасаа зардал хэмнэх, нэмэлт орлого олж болох санал, асуулга явуулж 354 санал авснаас 66 ажлыг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 2022 онд 40 тэрбум төгрөгийг хэмнэсэн.

Ингээд үндсэндээ зардлуудаа хэмнэснээс, тарифаа бууруулах боломжтой болсон.

-Аль чиглэлд хямдарч байна вэ?

-Бээжин, Франкфурт, Истанбул, Хонгконг, Сөүл, Бусан, Токио гэсэн 7 чиглэлийн нислэгээ 10-26 хувиар хямдруулсан. Улаанбаатар-Бээжин чиглэлд 1.189.600 төгрөгөөс 881 мянган төгрөг болгож, 26 хувиар бууруулсан. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ өөр өөр байгаа. Мөн зорчигчид нислэгээ төлөвлөж, эрт захиалбал хямд тийзээр зорчих боломжтой.

-Цар тахлын дараа агаарын тээврийн хэлэлцээр, шинэ гарцууд нэмэгдэж байна. Шинээр бойжуулж байгаа чиглэлүүд бий юу?

-Манай улс бол далайд гарцгүй буюу landlocked, хоёр их гүрний дунд оршдог улс. Тэгэхээр бидний хувьд агаарын тээврийн салбар онцлогтой. Монгол Улсад агаарын тээвэрлэгч байна гэдэг үйл ажиллагаа явуулахад нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдалтай зайлшгүй холбоотой. Агаарын тээврийн гарцтай байна далайн гарцыг орлуулж байгаа хэрэг.

Монгол Улсын хүн ам бусад улстай харьцуулахад маш бага. Тэгэхээр бидний зах зээл бол маш жижигхэн. 3 сая 300 мянган хүнтэй зах зээлд 20, 30 онгоцтой үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй.

Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, Агаарын тээврийн либералчлал, үнийн хүртээмжтэй байдлыг  дэмжиж байгаа нь зах зээлээ тэлэх гэж хичээж байгаа зорилго юм. Цар тахлаас хойш олон улстай агаарын тээврийн хэлцлүүдийг хийлээ.

Катар, Кувейт, Сөүл, Турк, АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан байна. Агаарын зорчигч урсгалаа нэмэгдүүлэх, бизнесээ амьдрах чадвартай байлгах гол зорилготой. Энэ жижигхэн зах зээл дээр өрсөлдөхийн тулд агаарын тээврийн зорчигч компаниуд сүлжээгээ л тэлэх ёстой байдаг.

Өнөөдөр дэлхийн 189 улс руу нислэг үйлдэ боломжгүй. Одоогоор МИАТ ТӨХК 7 улсын 13 чиглэл рүү нисэж байна. Энэ нислэгүүдийг цаашаа задрах ямар боломж байна гэдгийг харах хэрэгтэй байдаг. Өнөөдөр Дубай нисье гэвэл нислэггүй, Истанбулаар дамжина. АНУ-руу шууд ниснэ гэвэл Сөүл, Токио, Франкфуртаар дамжин нислэгийн сүлжээг ашиглан дамжиж нисэх боломжтой.

Цөөн хүн амтай манай улсын хувьд  сүлжээгээ тэлж байж л агаарын тээврийн салбараа авч үлдэх боломжтой. Үүний хүрээнд, БНТУ-ын Туркиш Эйрлайнс компанитай хамтран Европын 9 чиглэл рүү нислэг үйлдэх код-шейр гэрээг амжилттай байгуулж чадсан. 500 онгоцтой агаарын тээвэрлэгч компани, тавхан онгоцтой МИАТ ТӨХК-ийг тоож гэрээ хийнэ гэдэг Засгийн газрын бодлогын үр дүн. Нөгөө талдаа харилцааны асуудал. Ойлголцож чадалгүй л өдий хүрсэн байдаг. Туркиш Эйрлайнс компани 10 гаруй жилийн өмнөөс Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн. Гэтэл энэ хугацаанд дээрх ажлыг хийх байсан ч нэг талдаа гарч, ойлголцолд хүрч чадаагүй байсан.

Код-шейр буюу аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтаар МИАТ ТӨХК Туркиш Эйрлайнсаар дамжуулаад европын 9, АНУ-ын хоёр хот руу нислэг үйлдэж эхэлсэн. Эргээд Туркиш Эйрлайнс Азийн хоёр чиглэлд өөрийн аяллын кодыг тавиад явж байна.

Иймэрхүү байдлаар харилцаагаа тэлж,  харилцан ашигтай хамтран ажиллах л зорилготой.

АНУ-тай “Open Sky” хэлэлцээр байгуулснаар Korean Air компаниар дамжуулаад АНУ-ын гурван хот руу код шейр буюу аяллын дугаар хамтран эзэмшиж шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажил хангаж байна. Цаашлаад хамтын ажиллагаа өргөжүүлж байж нислэгийнхээ сүлжээг тэлнэ. Мөн транзит зах зээлийг тэлэх чухал байна.

-Тухайлбал?

-Транзит зах зээлийг хөгжүүлэх томоохон ажлуудыг хийж байгаа. Үүний хүрээнд ганцхан Улаанбаатараас эхлэлтэй биш Франкфуртаас Европ Азийг холбосон транзит тээврүүдийг голчлон хөгжүүлж байна. Франкфуртаас дамжин Сөүл, Токио, Хонгконг, Бээжин, Сингапур руу явахдаа Улаанбаатараар дамжин явах нөхцлийг бүрдүүлж үнийг бууруулж байна.

-Цаашид шинэ чиглэл нээх боломж бий юү?

-Агаарын тээвэрлэгч компаниуд шинэ чиглэл нээгээд шууд ашигтай ажиллах боломжгүй байдаг. Чиглэлээ бойжуулаад хүнд хүрсний дараа нислэгийн давтамжаа нэмээд явдаг. Тодорхой жишээ хэлбэл, 2017 онд Улаанбаатараас Бангконг чиглэлд 7 хоногт хоёр удаа нислэг үйлддэг байсан. Өнөөдөр 7 хоногийн 6 өдөр нисэж байна. Зургаан жилийн дараа энэ чиглэл тогтож байна гэсэн үг. Яг үүнтэй ижил шинэ чиглэл нээнэ гэдэг нь маш урт хугацааны судалгаа, тооцоон дээр үндэслэж байж хийдэг.

Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд “Open Sky” хэлэлцээрийг байгуулсан. 2024 онд АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажиллаж байна. Монгол Улс өөрөө АНУ-ын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах ёстой.

АНУ-ын аюулгүй ажиллагааны байгууллага, нислэгийн аюулгүй ажиллагааны байгууллагууд Монгол Улсад ирээд хяналт , шинжилгээ хийн дүгнэлтээ гаргана.

Нөгөө талаас шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд МИАТ ТӨХК АНУ-руу шууд нислэг үйлдэхэд бэлэн.

Дараа нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Мин хотыг нислэгийг тогтмолжуулахаар чартер нислэгүүдийг хийж бэлтгэл ажил хангаж байна. Сингапур, Австралийн зарим хот руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад шууд нислэг үйлдэх боломжтой цэгүүд рүү код-шейр хийх хэлэлцээрийг батлахаар ажиллаж байгаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

Огноо:

,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан. 

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж
Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.
 
Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын хуралд үг хэллээ

Огноо:

,

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал 2024 оны хоёругаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.

“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.

Тэрбээр, залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эцэст нь та бүхэн монгол орны тухай улам их мэдлэгтэй болж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаад талархаж байна. Улмаар улс төрд, ялангуяа парламентад залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Санал болгох