Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Дорнод аймаг боомтын боймыг тайлж, экспортын гарц нэмэгдүүлэх төслүүдээ Ерөнхий сайдад танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан”  олон улсын нисэх буудлын өргөтгөл,  тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын  бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.

Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, перрон талбай,  автогражийн өргөтгөл зэрэг ажил хийгдэх юм. Ингэснээр  Боинг 737-800, Embrear145 загварын агаарын хөлөг хүлээн авах, цементбетон хучилттай, хоёр талын оролт, гаралттай, хөөрч буух зурвастай, гурван онгоц зэрэг хүлээн авах, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломжтой олон улсын буудал болох юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилтай авто замаар холбох ажлын явцын талаар танилцууллаа. Тус аймагт Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул  чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл тус тус хэрэгжиж байна. Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км,  Чойбалсан-Баянхошуу  чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын ажил амжилттай үргэлжилж байна, 2024 онд дуусах ажээ. Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон авто замын коридорт чухал үүрэгтэй юм.


  

“Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсан бол хуурай боомт болох боломжтой гэж Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг гэдгийг  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулав.
Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”,  “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг боомтын боймыг тайлж, экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Ирэх онд эвдрэлтэй замуудын их засварт эргэлт гаргана

Огноо:

,

Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барилаа.
 
Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдэх юм.
 
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна.
 
Түүнчлэн “Нутгийн зам төсөл”-д орсон сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн болно.
 
Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 100.0 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу нийт 110.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
 
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт  318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй  850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна. 

Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.

Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.

Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тухайлбал,

-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.

-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.

-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.

-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.

-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.

-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.

-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.

-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох