Бидэнтэй нэгдэх

Цаг үе

О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, уулзахыг хориглох арга хэмжээг хүчингүй болгожээ

Огноо:

,

“Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “...Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ихбит ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов

Огноо:

,

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг танилцуулж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх, шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу шалгаж байгаа хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул өгсөн.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварын талаар сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсныг мэдээллээ. Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэхийг танилцуулав. Энэ сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулахаа мэдээлсэн юм.

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын ээлжит уулзалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцлоо гэж СЕХ-ноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө

Огноо:

,

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд" дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий:

Манай байгууллага хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг. Юун түрүүнд хүүхэд хамгааллын асуудал ярихаас илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжид 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулсан. Уг зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, байгууллагын дотоод журамд нь өөрчлөлт оруулах, цагийн уян хатан зохицуулалт хийх, боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж буй. Цаашид бид Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга, идэвх оролцоог дэмжиж, НҮБ, ОУБ-уудын дэмжлэг, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Т.Ихтамир:

“Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 1996 онд УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай анхны хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Энэ мэт сүүлийн жилүүдэд эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг үе шаттай, тууштай хийсээр байна. Мөн энэ онд УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус хуулийг сурталчлах ажлыг орон даяар хийж буй. Түүнчлэн УИХ, Засгийн газраас хүүхдийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлогод тулгуурлан, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай.

Монголын хүүхдийн байгууллагын ахмад үеийн төлөөлөл Д.Наранцэцэг:

Би 1964 онд Монголын пионерын байгууллагад элсэн орж, 13 жил хүчин зүтгэсэн. Хүүхэд, залуучуудыг Монгол Улсын иргэн болгон төлөвшүүлж, хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцон ажилласан минь их цоглог, хийморьлог, сайхан дурсамж болон үлджээ. Бидний үед хүүхдийн байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдийгээ өөрсдөө хүмүүжүүлдэг байсан. Энэ нь тэднийг хичээл номдоо шамдах, авьяас чадвараа тодруулах, эх оронч, хүмүүнлэг үзэл суулгах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, харилцааны зэрэг олон чадварыг суулгадаг байснаараа давуу талтай. Одоо хүүхдийн байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буй. Иймд ирэх жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд пионерын байгууллага шиг хүүхэд хүүхдийгээ хүмүүжүүлдэг, хүүхдийн оролцоог бий болгосон хүүхдийн байгууллага байгуулагдаасай гэж хүсдэг.

Ташрамд, Монголын хүүхдийн байгууллага нь:

  • 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016-2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • 2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэйгээр өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.

2024 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 10-наас 2024 оны тавдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох