Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулж, тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарсангүй.

Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна.

Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно.

Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.

Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна.

Тиймээс Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлд тусгагдсан “…нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэсэн тохиролцлоо үл хайхран, зөрчсөн байдалтайгаар 2020 оны төсвийг боловсруулж, батлуулсныг хэлэлцээрийн талууд илт буруушаан, эсэргүүцэж байгааг мөн анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой болно.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчиж байна.

Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын  хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна.

Түүнчлэн инфляцын түвшин 8-9 хувьд хүрэхийг гипер инфляц буюу хямралд тулсан босго үзүүлэлт гэж үздэг. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид дүгнэлт хийж, инфляцыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улам алдагдалтай төсөв батлах замаар инфляцын одоогийн байгаа өндөр түвшинг ирэх 3 жилд ч буулгаж чадахааргүй, өөрсдийн явцуу эрх ашгийг өнөөдөр гүйцэлдүүлж байвал улс орны маргаашийн амьдрал, ирээдүй огт хамаагүй мэт бодлого явуулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий онцгой ач холбогдолтой, бодлого, зарчмынх нь дагуу цаг алдахгүйгээр хэрэгжүүлбэл зохих хууль мөн.

Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө” гэсэн утга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна.

Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх” зэрэг зарчим болон эдгээрийн хүрээнд хэрэгжих ёстой хуулийн бусад зохицуулалтууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хуулиар мөн чанараа бүрэн алдаж, хэрэгжих ямар ч бололцоогүй болж байна.

Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Ингэхдээ:

-  Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих

-  КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/

-  Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/

-  Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах

-  Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах

-  Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталжээ.

Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын автозам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна. “Тухайн улс орон, банк, санхүүгийн байгууллага өөрсдийн өгсөн зээл, тусламжийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажилладаг” гэж сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-  БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах

-  Олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэх

-  Хилийн боомтод нуклейн хүчлийн түргэвчилсэн оношилгоо хийх, эсвэл хилийн цаана хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай харилцан тохиролцох

-  Газрын тосны экспортын тээвэрлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, сайд нар, УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагч, нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ

Нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид:

-  Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах

-  22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх

-  Парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах

-  Нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

Автозам: 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Нийтийн тээвэр: 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531,  2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ САМБУУГИЙН ЛАМБАА:

Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:

  • 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • 1969-1972 онд 030-р ангид цэргийн алба хаасан.
  • 1972-1976 онд Монгол Улсын их сургуулийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1983-1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
  • Профессор, Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, Академич, Монгол Улсын гавьяат багш

Ажлын туршлага:

  • 1976 -1980 онд МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш,
  • 1980 -1984 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 1984 – 1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан,
  • 1988-1990 онд Дээд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборт ерөнхий захирал,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга,
  • 2007-2008 онд УИХ дахь Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2012-2015 онд УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга,
  • 2015-2016 онд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар ажилласан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ:

Боловсрол, Цол:

  • 1981 онд Дархан хотын Политехникумийг төгссөн.
  • 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1997 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1990 онд ОХУ-ын Комосмолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн.
  • 1998 онд БНЭУ-ын Хайдрабадын их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн.
  • Монгол Улсын гавьяат эдийн засагч

Ажлын туршлага:

  • 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинч, баяжуулагч, бригадын дарга,
  • 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч,
  • 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал,
  • 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1997-1998 онд Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх,
  • 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Нөөцийн газрын дарга,
  • 2003-2004 онд Алтангадас ассоциацийн Захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2007-2008 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,
  • 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга,
  • 2012-2016  онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014  онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд,
  • 2016-2020  онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга,
  • 2017 оноос Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,
  • 2019 оноос Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД:

Боловсрол:

  • 1979 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1982 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг Улс төр, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн.
  • Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор

Ажлын туршлага:

  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч,
  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч,
  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн,
  • 1993-1996 онд “Бодь интернэшнл” группийн ерөнхийлөгч,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга,
  • 1999-2000 онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга,
  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч,
  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,
  • 2016 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОСОРМААГИЙН БАТХАНД:

Боловсрол:

  • 1990-1999 онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1999-2004 онд Үндэсний Тагнуулын Академийг  Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2004  онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг  Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
  • 2004-2005 онд  АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курст суралцсан.
  • 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн  сэтгүүлзүй, англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцсан.

Ажлын туршлага:

  • 2004-2011 онд ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга,
  • 2011-2012 онд  УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор,
  • 2012-2013 онд ETV HD телевизийн захирал,
  • 2013-2014 онд “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч,
  • 2016 оноос “НТС” ХХК-ийн захирал,
  • 2020 оноос Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргааар тус тус ажиллаж байна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо. Ажил хүлээлцэх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны нэгжийн удирдлагууд оролцов.

Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох