Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

Огноо:

,

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2023 оны  зургаадугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Дэд хорооны хуралдаанд төсвийн тодотголын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, төслийн талаарх аудитын дүгнэлтийг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нар тус бүр танилцуулав.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрээгүй байна.

Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллага төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хийсэн бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Төслийн талаарх танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн задаргаа, төсвийн тодотгол хийх болсон шалтгаан, нүүрсний экспортын хэтийн төлөв, үүнээс олох улсын төсвийн орлогын гүйцэтгэлийн талаар тодруулсан гишүүний асуултад Сангийн сайд, ажлын хэсгийн гишүүд хариулт өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 25.8 сая тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд үлдэж байгаа хугацаанд бас энэ хэмжээний нүүрсийг экспортлохоор, энэ онд 50 орчим сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэдэг тооцооллыг хийсэн байна. Гол нэрийн бүтээгэдхүүний экспортыг дээрх төлөвлөлтөөр үргэлжлүүлснээр төсвийн орлого тогтвортой байх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, тогтворжих хүрээнд төсвийн орлого нэмэгдэх боломжтой гэж үзсэн байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төсвийн орлого давж биелсэн энэ үед иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, төрийн албан хаагчдынхаа аа үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн баталгааг хангах зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдэг хариултыг Сангийн сайд өгсөн.

Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Д.Пүрэвдорж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Төсвийн тодотголын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнийн хөөрөгдөл үүсэхгүй байх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдохгүй байх болон бусад эрсдэлийг холбогдох талууд анхаарч, тооцож ажиллах нь зүйтэй” гэлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүд санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох