Улстөр нийгэм
Төрийн банк бизнес эрхлэгчдэдээ зориулан сургалт зохион байгууллаа
Үндэсний тэргүүлэгч Төрийн банкнаас гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг компаниуд болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт худалдааны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагаас суралцах боломж олгох сургалт семинарыг МҮХАҮТ, Үндэсний Давхар Даатгал ХК болон “Төв Азийн Зам” ХХК-уудтай хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр “Гэрээнээс үүссэн маргааныг арбитраар хэрхэн шийдвэрлэх тухай”, “Олон Улсын тээвэр логистикийн туршлага, экспорт импортын тээврийг амжилттай зохион байгуулах шийдлүүд”, “Экспортын зээлийн даатгалаар дамжуулан бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж” сэдвээр сургалт хийсэн байна. Харин зохион байгуулагч Төрийн банкнаас бизнес эрхлэгчдэдээ зориулан “Байгаль орчин, нийгэм, засаглал”-ын хүрээнд үйл ажиллагаагаа олон улсын жишигт хэрхэн нийцүүлэх боломжуудыг танилцуулсан нь оролцогч байгууллагуудын хувьд ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг олгожээ. Мөн банкны зүгээс худалдааны санхүүжилтийн үйлчилгээг авсанаар бараа татан авалтын зардлаа хэрхэн бууруулах, гадаад гүйлгээнд үүсч болзошгүй луйвраас урьдчилан сэргийлэх олон улсын туршлага, мэдээллийг хүргэсэн байна.
Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллагаас гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн билээ. Тус эх үүсвэрийг татсанаар харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, зээлийн шугам, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өргөн хүрээнд үзүүлэхэд томоохон түлхэц болох юм.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
Улстөр нийгэм
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Улстөр нийгэм
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой
Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
-
Улстөр нийгэм2021/06/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, ...
-
Цаг үе2020/11/18
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2023/01/11
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны ...
-
Шударга мэдээ2024/09/16
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдө...
