Цаг үе
Арьс, ширний үйлдвэрүүдэд ажиллалаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК, “Бест шүес” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.

“Булигаар” ХК нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг. “Бест шүес” ХХК нь арьсан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн шилдэг техник технологиор чанартай, хямд гутал үйлдвэрлэж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

Тус компани төрийн худалдан авалтаар дэмжих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, шударга өрсөлдөх боломжийг бий болгох хүсэлтэй байгаа илэрхийллээ.

Мөн үйлдвэрт ирж буй арьс гэмтэл ихтэй, малын гаралтай халдварт өвчин, нядалгааны үеийн механик гэмтэл зэргээс шалтгаалж нийт арьсны 30-50 хувь нь стандартын шаардлага хангадаггүй зэрэг нь арьс ширний үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудал болж байна. Тиймээс малын эрүүл мэндэд илүүтэй анхаарах, стандартын шаардлага хангасан нядалгааны газартай болох, үйлдвэр өргөжиж, олон төрлийн бүтээгдэхүүн гаргах, кластераар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бүрдэнэ хэмээн үйлдвэрлэгчид хэлж байсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд 2026 оны Тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний Номын сангийн салбар төвд цахим, танхим хосолмон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, БНТУ зэрэг улсаас эрдэмтэн судлаач нар оролцож, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал сэдвүүдээр хийгдсэн судалгаа, шинжилгээнүүдээ танилцуулж, илтгэл тавив.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант П.Батчулуун “Сэтгэл гутрал оноштой үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан дүн”, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, докторант А.Баярхүү “Өсвөр насны хүүхдийн өөрийн удирдлага зохицуулалттай суралцах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн докторант, Хошууч Б.Батгэрэл “Цэргийн алба хаагчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүн”, БНАСУ-ын Анян их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн дэд профессор Жин Хээ Ким /Jin hee Kim/ “Хиймэл оюун ухааны эрин үеийн ажил мэргэжлийн түгшүүр: нийгмийн сэтгэл зүй ба карьер”, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Есөн-Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарын зарим мэргэжилтнүүдийн дам стресс болон ажлаас халшрах хам шинжийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь”, Турк улсын Хажэттэпэ Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөөний магистрант Д.Ариунзаяа “Эрт үеийн дасан зохицоогүй схемийн хэмжүүрийн монгол хувилбарын нутагшуулалт ба оюутнуудын схемийн тархалт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд илтгэлүүд бүрэн эхээрээ эмхтгэл болон хэвлэгдэх юм байна.
Цаг үе
“Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна.
Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүх талын аюулгүй байдлыг хангасан жишиг гудамж, зам болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тус хоёр замыг энэ оны долоодугаар сарын 25-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар замын хашлага, трассын өөрчлөлтийн ажлыг хийж дуусаад байна. Үргэлжлүүлэн асфальтан хучилт болон зорчих хэсгийн ажлуудыг хийнэ.
Иргэдийн дунд буруу ойлголт үүсгээд буй “Муруй” хашлага бүхий хэсгүүд нь явган хүний гарцтай холбоотой шийдэл. Тодруулбал, явган хүний гарц орчимд замын хашлага өндөрсөж, зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэх юм. Энэ нь тээврийн хэрэгсэл гарцаар хэт өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцээж хийнэ. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болно” гэв.
Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж байдлаар шинэчилснээр замын чанар сайжирч, орчны тохижилт нэмэгдэн, иргэдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин бүрдэх юм.

Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
-
Үзэл бодол2020/09/24
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын нууц товчоон”-ыг хэвлэх, түгээх...
-
Үзэл бодол2022/11/08
Ч.Номин: Гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөц...
-
Улстөр нийгэм2025/05/30
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хо...
-
Урлаг спорт2019/09/11
Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулл...
