Цаг үе
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.
Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.
Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Цаг үе
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-10.12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр, 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр, 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Цаг үе
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал,
- Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
- ОСНАА 95.4 хувь,
- Цахилгаан хангамж 94,7 хувь,
- Эрүүл мэндийн газар 94 хувь,
- Боловсролын газар 88 хувь,
- Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’.
-
Үзэл бодол2022/02/22
Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
-
Улстөр нийгэм2021/03/04
ХЭҮК: Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар ...
-
Урлаг спорт2022/07/01
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
-
Цаг үе2019/11/18
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн