Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож өнгөрсөн онд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, үндэсний хорооны гишүүдэд цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.
Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлсэн талаарх тайлан, 2023 онд тааван зорилтын хүрээнд 65 үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг тус хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 01-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох талаарх илтгэлийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар энэ үеэр танилцууллаа.
Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн. Гэхдээ цаашид жендэрийн эрх тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо баримтуудаар тодотголоо.
Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.
Тэрбээр, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш.
Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
- Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах,
- Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5 Ш” ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, төрийн өндөр албан тушаалд томилох асуудлыг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллах,
- Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгож энэ чиглэлээр төр, төрийн бус, мэргэжлийн холбоод, олон улсын болон хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, нийгэмд авлигыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх,
- 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Үзэл бодол
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.
Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн.Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.