Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр хэзээ, хэрхэн амжилттай хэрэгжих вэ?

Огноо:

,

Дотоод хүмүүстэй хамтран ажиллахгүйгээр авлигын схемийг илчлэх, задруулах нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч шүгэл үлээгчид хувийн болон мэргэжлийн эрсдэлээс үүдэн мэдээллийг задруулахаас татгалздаг. Улс орнуудад энэхүү асуудлыг шийдвэрлэх улам бүр түгээмэл болж буй арга замуудын нэг нь шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөр юм. Ийм хөтөлбөрүүд нь өөрийн онцлог шинж чанараараа харилцан адилгүй байдаг хэдий ч ихэнх нь ижил төрлийн үндсэн схемийн дагуу ажилладаг бөгөөд албадлагын арга хэмжээ авахад хүргэдэг олон нийтэд мэдээлээгүй чухал баримт мэдээллийг ил болгосон мэдээлэгчид мөнгөн урамшуулал буюу ихэвчлэн хариуцагч талуудад ногдуулсан торгуулийн тодорхой хувийг шагнал болгон өгдөг.

Энэхүү механизмыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн АНУ-д шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсээр байна. АНУ-д 1986-2020 оны хооронд шүгэл үлээснээр илэрсэн хэргийн хохиролд 46.5 тэрбум долларыг Хуурамч бичиг баримтын тухай хуулийн (FCA) дагуу нөхөн төлүүлсэн бөгөөд шүгэл үлээгчдэд 7.8 тэрбум долларын урамшуулал олгожээ. Жишээлбэл, 2011 онд Додд-Фрэнкийн тухай хуулийн дагуу бий болсон шүгэл үлээгчийн хөтөлбөрт тусгагдсанаар шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл нь Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн нь батлагдсан тохиолдолд дор хаяж 2 тэрбум долларын санхүүгийн нөхөн төлбөрийг төлүүлж, шүгэл үлээгчид 720 гаруй сая доллар олгосон байна. АНУ дахь мэдээлэгчийг урамшуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн нь Өмнөд Солонгос, Канад, Нигери, Гана, Унгар, Кени зэрэг бусад хэд хэдэн оронд ижил төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц болсон. Гэхдээ эдгээр хөтөлбөрүүд бүгд адилхан амжилттай хэрэгжээгүй. Жишээ нь Африк тивд шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны улс болох Гана улсад ямар ч шагнал урамшуулал олгоогүй ба үнэндээ Гана улсын Шүгэл үлээгчийн тухай хуулийг ашигласан тохиолдол ч цөөхөн байдаг.

Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр хэзээ, хэрхэн амжилттай хэрэгжих талаар тайлбарлахад ямар хүчин зүйлс шаардлагатай вэ? Энэ асуултад энгийн, хялбар хариулт байхгүй. Уг асуудал нь нарийн төвөгтэй бөгөөд аливаа хөтөлбөрийн үр нөлөө нь тус хөтөлбөрийн дизайны нарийн ширийн зүйлс, түүний дотор шүгэл үлээгчдэд урамшуулал олгох урьдчилсан нөхцөл, хөтөлбөрийн цар хүрээ, түүнчлэн тухайн улсын соёл зэргээс ихээхэн хамаардаг. Ямартай ч шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр нь олон тооны шүгэл үлээгчдэд урамшуулал олгох эсэхэд гол үзүүлэлт болох хоёр хүчин зүйл байна:

·         Эхний хүчин зүйл нь эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчид тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс хангалттай хамгаалж байгаа эсэх юм. Эрх бүхий байгууллагаас шүгэл үлээгчийг ажлын байраа алдах болон бусад хэлмэгдүүлэлтээс хамгаалахгүй бол эцсийн дүндээ шүгэл үлээснээр мөнгөн урамшуулал авах боломж ч мөн хязгаарлагдана. Энэхүү хүчин зүйл нь олон оронд шүгэл үлээгчийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь батлагдсан. Жишээлбэл, Кени улсад шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр зарим талаараа үр дүнгүй байгаа нь тус улсад шүгэл үлээгчийн хамгаалалт сул байгаатай холбоотой буюу шүгэл үлээгчид санхүүгийн урамшуулал авахын тулд өөрийгөө илүү эрсдэлтэй, аюултай байдалд оруулахаас эмээж байгаатай холбоотой юм. Үүний нэгэн адил Гана улсад шүгэл үлээсний хариуд ирж буй аливаа хэлмэгдүүлэлт, дарамт шахалт нь олон Ганачуудад шүгэл үлээснээр өөрсдийнх нь аюулгүй байдал нь эрсдэлд орно гэж итгэхэд хүргэсэн бөгөөд урамшууллын хөтөлбөрийн санал болгож буй санхүүгийн урамшуулал нь шүгэл үлээхэд хангалттай бус болох нь тодорхой болсон. Урамшууллын хөтөлбөрүүд нь анхнаасаа үр дүнтэй хэрэгжсэн улс орнуудад ч эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчдэд ирэх хариу арга хэмжээ, дарамт, шахалт зэргээс хамгаалахгүй бол үр нөлөөгөө алдаж магадгүй юм. Жишээлбэл, Нигери улс Шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг бөгөөд тус улсын 2018 оны тайланд тус хөтөлбөрөөр дамжуулан 378 сая ам.доллар нөхөн төлөгдсөн нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Нигери улсад шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж байхгүй байгаа нь хөтөлбөрийн цаашдын үр дүнтэй байдалд заналхийлж байна. Шүгэл үлээгчдэд санал болгож буй их хэмжээний урамшууллыг үл харгалзан Нигери улсад шүгэл үлээгчдийн тоо цөөрсөөр байгаа бөгөөд саяхны судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав орчим нь засгийн газраас хууль зүйн баталгаа авалгүйгээр авлигын талаар мэдээлэхдээ эргэлзэж байсан нь тогтоогджээ. Үүний эсрэгээр, шүгэл үлээгчийн хамгаалалт сайтай улс орнуудад мэдээлэгчийг урамшуулах хөтөлбөрүүд илүү амжилттай болсон байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн цогц Шүгэл үлээгчийн тухай хуультай Өмнөд Солонгост 2012 оноос хойш тус улсын шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийн хүрээнд шүгэл үлээсний дагуу илэрсэн хэргийн тоо тогтмол нэмэгдсээр байна.

·         Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийн үр нөлөөнд хамгийн их нөлөөлж буй хоёр дахь хүчин зүйл бол шүгэл үлээгчид олгох санхүүгийн урамшуулал нь хангалттай эсэх юм. Уг урамшуулал нь шүгэл үлээгчдэд тулгарах хувийн болон мэргэжлийн эрсдэлийг тэнцвэржүүлэхүйц хангалттай их байх ёстой. Урамшууллын хэмжээ нь ерөнхийдөө их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас шалтгаалдаг тул урамшууллын хэмжээ онцгой чухал юм. Шүгэл үлээх нь урамшуулал авах баталгаа биш бөгөөд аливаа процессын улмаас урамшуулал олгогдохгүй олон жил ч болох боломжтой. Шүгэл үлээгчид учирч болох эрсдэл болон урамшуулалтай холбоотой тодорхойгүй байдлыг харгалзан үзэж шүгэл үлээсний хариуд санал болгож буй урамшууллын хэмжээ нь шүгэл үлээгчид тулгарч болзошгүй эрсдэлээс давж гарахуйц хангалттай байх ёстой. Шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч харьцангуй бага хэмжээний урамшуулалтай улс орнуудын иргэд шүгэл үлээх нь бага байгаа буюу уг хөтөлбөр нь төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Жишээлбэл, Унгар улсад мэдээлэгчийн урамшуулал торгуулийн дүнгийн 1 хувиар хязгаарлагддаг бөгөөд ойролцоогоор 180 мянган ам.доллароос хэтрэхгүй байна. Унгар улсад шүгэл үлээгчийн хөтөлбөрийн хүрээнд ямар ч урамшуулал олгогдоогүй бөгөөд тус улсын урамшууллын хэмжээ нь мэдээлэл өгөхөд хангалттай биш гэдгийг судалгаа харуулж байна. Пакистанд ч мөн үүнтэй төстэй нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд урамшууллын хэмжээ нь 12 мянган ам.доллароор хязгаарлагддаг. Тус улсад шүгэл үлээгчийн урамшууллын хөтөлбөрийн хүрээнд шүгэл үлээгчийн мэдээлсэн цөөн хэдэн хэрэг л шалгагдсан байна. Харин урамшууллыг нэмэгдүүлэх нь мэдээлэгчийн урамшууллын хөтөлбөрт хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг харуулж байна. БНСУ-ын Шударга Худалдааны Хорооноос (KFTC) 2002 онд нэвтрүүлсэн Өмнөд Солонгосын хоёр дахь шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд арав хүрэхгүй тайланг гаргаж эхэндээ үр дүнтэй хэрэгжээгүй. Гэсэн хэдий ч урамшууллын дээд хэмжээг 19 мянган ам.доллароос 94 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсний дараа Шударга Худалдааны Хорооноос нь дэлхийн хамгийн идэвхтэй дэглэмүүдийн нэгийг бий болгосон юм.

Шүгэл үлээгчдийн хөтөлбөрүүд АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудад амжилттай хэрэгжсэнээс үзэхэд шүгэл үлээгчдэд мөнгөн урамшуулал олгох нь авлигатай тэмцэх хүчирхэг хэрэгсэл болохыг харуулж байна. Урамшууллын хөтөлбөрүүд бусад улс орнуудад хангалттай үр дүнд хүрээгүй байж болох ч шүгэл үлээгчдийн аливаа зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжийг нэмэгдүүлэх асар том эх сурвалж хэвээр байна. Иймд шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй улс орнууд болон хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэхээр хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж буй улсуудын хувьд хэрэгжүүлэх шаардлагатай хоёр тэргүүлэх чиглэл гарч ирж байна. Нэгдүгээрт, шүгэл үлээгчдэд учирч болох бүхий л эрсдэлээс хамгаалах баталгааг бий болгох, хоёрдугаарт, хангалттай хэмжээний мөнгөн урамшуулал олгоход анхаарах шаардлагатай юм.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох