Шударга мэдээ
ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа.
Тус журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.
Шударга мэдээ
Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, АМНАТ төлөлтийг шалгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.
Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Шударга мэдээ
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, болон бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ.
Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.
Шударга мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.
-
Цаг үе2024/10/31
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилж...
-
Цаг үе2024/04/03
Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах хуваарь
-
Цаг үе2019/10/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2021/02/26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Э...