Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ШӨХТГ: Албан шаардлагыг биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдууллаа

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон буюу хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг албан шаардлагыг биелүүлээгүй зарим аж ахуй эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй “О ....” ХХК, “Тан....” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж хариуцлага тооцлоо.
 
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “... хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасан.
Эх сурвалж: ШӨХТГ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй...

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам зөвхөн өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин маргаашнаас үргэлжүүлэн хэрэгжинэ.

Тодруулбал,

Сондгой тоогоор төгссөн бол: 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ

Огноо:

,

Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг. Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот”  болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны Бага тойруугийн хэсгийн 243.3 га талбайд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан. Энэ хүрээнд

  1. Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ хотын хүн ам, барилгажилтын нягтралыг тэнцвэртэй хөгжүүлэх.
  2. Барилга байгууламжийн барилгын өндрийг нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай хэмжээтэй уялдуулан шийдвэрлэж, өндрийн хязгаарыг тогтоох.
  3. Явган хүний зам, дугуйн замын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй өргөтгөл, шат довжоог буулгах.
  4. Хот байгуулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой нягтралтыг авч үлдсэнээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг хадгалж авч үлдэх.
  5. Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийн зөвшөөрөлгүй өргөтгөл, зохимжгүй байгууламжуудыг буулгаж, анхны төрхийг нь нөхөн сэргээх талаар арга хэмжээ авах.
  6. Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх, чанарыг авч үлдэх талаар инженерийн шийдэл боловсруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх, иргэд, олон нийтээс санал авахыг нийслэлийн Засаг даргаас үүрэг болгоод байна.

Санал асуулгад дараах холбоосоор оролцоно уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGez5fJs4tRnQm14yrMrQuQ-xLrJRu6zqkc5yK_4tyHF0tYw/viewform?usp=header

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, АМНАТ төлөлтийг шалгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох