Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

М.Тэмүүжин: Улсын Хоёрдугаар эмнэлэг нуруу нугас болон тархины хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөр үзүүлж байна

Огноо:

,

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь нуруу нуганы хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ талаар УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хувьд мэдрэлийн мэс заслыг хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан амжилттай хийж байгаа гэсэн?

-Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох зайлшгүй нэг хүчин зүйл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах. Үүний тусламжтайгаар өвчтөндөө хамгийн ээлтэй, илүү үр дүнтэй, эрсдэл багатай мэс заслуудыг хийх боломж бүрддэг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлгийг иж бүрэн мэс заслын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Ер нь л дэлхийн жишигт хүрсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд гэж хэлж болно. Тиймээс бид үүний ачаар хавдрын оношилгоонд чухал ач холбогдол өгч, эрт илрүүлэлтийг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хоёрдугаар эмнэлгийн хувьд хөгжингүй улс орнуудад тренд болж байгаа хүндээ ээлтэй, шинэлэг технологийг шингээсэн мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсаар байна. Үүний нэг нь нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нийслэлийн гурван дүүрэг,  аймгийн иргэдэд үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 480 гаруй иргэнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн.



-Ямар тохиолдолд нуруу, нугасны хавдартай болдог вэ?

-Үүнийг тогтоогоогүй байна. Ихэвчлэн нурууны анхдагчаар хавдар үүсэх нь ховор. Харин өөр эрхтнээс үсэрхийлэх нь элбэг байдаг. Тухайлбал, элэг, гэдэсний хорт хавдар  эсвэл түрүү булчирхай, уушгины хавдраас үсэрхийлж байна. Түүнээс бие даагаад шууд хортой, хоргүй хавдар болох магадлал бага. Энэ бол ховор тохиолдол.

- Тархины хавдрыг бий болгож байгаа шалтгаан юу вэ?  Анхдагч болон үсэрхийлсэн хавдрын үед ямар оношилгоо, эмчилгээ хийгддэг вэ?

-Тархины хавдрыг үүсгэж байгаа шалтгаанууд тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хавдар үүсэх маш олон шалтгаанууд байдаг. Үүн дундаас эсийн мутаци голлох үүрэгтэй байна гэж ярьж байгаа. Эсийн мутацад юу нөлөөлж байна вэ гэхээр орчны бохирдол, вирусийн халдвар, гэмтэл нөлөөлж болно. Зарим ховор тохиолдолд удам нөлөөлж байдаг. Үсэрхийлсэн гэдэг нь өөр эрхтэнд хортой хавдар урган тухайн газраас тархинд зөөвөрлөгдөн ирж ургаж томорч байгааг хэлж байгаа юм.

Хавдрын үед комьпютер томографик, МRI, Пет скан болон лабораторийн шинжилгээ хийнэ.

-Тархины мэс засал өртөг өндөртэй мэс заслын төрөлд ордог. Иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?

-Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үзүүлж байна.

-Манай улсад анх удаа хавдрын үсэрхийлэл, нарийн түвшний оношилгоог хийх Пэт Сканы оношилгоог танай эмнэлэг хийж байгаа. Ачаалал хэр их байдаг вэ?

-Бид шинжилгээ, оношилгоог хийхдээ нарийн дурангийн  tesla MRI аппарат, 128  зүслэгтэй комьпютер томографи, хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай  pet scan, дижитал рентген аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байгаагаараа онцлог. Монгол Улсад анх удаа Пэт сканыг манай эмнэлэгт суурилуулан оношилгоо, шинжилгээг хийж байгаа. Ингэснээр Пэт сканаар үзүүлэх гэж гадны оронруу өндөр өртгөөр явах шаарлагагүй болж, эх орондоо хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх боломжтой болсон юм. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчид ЭМД-аараа хөнгөлөгдөөд оношилгоондоо бүрэн хамрагдаад явж байна.



-Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Эрт илрүүлэлтийн үр дүн гарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд хавдрын эрт үеийн оношилгоо, тэр дундаа эрт илрүүлэлт сайжирсан. Энэ нь нэг талдаа дээр дурьдсан оношилгооны баг, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Нөгөө талдаа Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний компанит ажлын хүрээнд хавдрыг эрт үедээ оношлуулсан иргэд мөн олон байгааг тоон үзүүлэлтээс харж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд 1100 иргэн эрт илрүүлэгт орж түүнээс 86 хавдрын  тохиолдлыг ирүүлсэн байна.

-Танай эмнэлгийн хувьд шинээр ямар төрлийн эмчилгээ, мэс заслыг нэвтрүүлж байна вэ?

-Манай улсын хувьд цөөхөн хүн амтай ч гэсэн нурууны согог, нурууны муруйлтын өвчлөл бас нэлээдгүй их байдаг. Тиймээс нурууны согог, муруйлтын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид нурууны дурангийн мэс заслыг амжилттай нутагшуулсан. Харин одоо тархины дурангийн мэс заслыг нэвтрүүлэхээр чих, хамар, хоолойн  тасгийн эмч нартайгаа хамтран ажиллаж байна.

-Өнөөдрийг хүртэл танай тасаг  хичнээн хүнд нурууны дурангийн мэс заслыг хийгээд байгаа вэ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг?

-Манай тасгийн хувьд хамгийн анхны мэс заслаа нурууны хавдрын мэс заслаар эхэлж байсан бол өнөөдөр хамгийн сүүлийн үеийн дурангийн цогц багажаар тоноглогдож, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна. 2020 оноос эхлэн нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлж, амжилттай нутагшуулаад өнөөдрийг хүртэл маш олон хүнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 400 гаруй мэс заслыг хийлээ. Нээлттэй мэс засал нь шарх том, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй, өвчтөнд ч зориуртай, дараа нь гарах хүндрэл ихтэй байдаг. Тэгвэл дурангийн мэс заслын хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, зовиур маш бага, нөхөн сэргэх хугацаа богино, мэс заслын дараа тухайн хүний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон  давуу талтай. Өөрөөр хэлбэл, мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл бага гэсэн үг. Дэлхийд ч гэсэн нурууны дурангийн мэс засал бол тренд болж байгаа мэс засал юм.

-Нуруу, нугасны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?

--Ихэнх нурууны өвчлөл хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болдог гэж үздэг. Үүнийг өөрчлөх нь чухал. Хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амархан өртдөг учир дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал тустай гэж бодож байна. Зовиурыг бага гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ бүхэн нурууны өвчнөөс хамгаална. Хамгийн сайн арга бол хүн хөдөлгөөнтэй, жин багатай байх юм. Сүүлийн үед тулгараад байгаа асуудлын нэг бол жин нэмэх. Жингийн илүүдлээс болж нуруунд ачаалал өгдөг. Жин багатай хүн бол хагалгааны дараа ч гэсэн хөнгөн байдаг.
Тиймээс амьдарлын зөв хэв маягийг баримтлан,  биеийн жинг хэвийн байлгах, нурууны булчингийн тогтолцоог сайн байлгах, гэмтлээс сэргийлэх, хорт зуршлаас татгалзах нь чухал.





Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе16 цаг 59 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе17 цаг 10 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ18 цагын өмнө

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм18 цаг 17 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм18 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм18 цаг 33 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе18 цаг 37 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе18 цаг 43 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох