Шударга мэдээ
Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарна
Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан.
Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг салбар тус бүрийн төлөөллийг оролцуулан хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Хурлын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Стандартчилал, Хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дотор боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Олон Улсын жишигт нийцүүлэх, Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Дэд ажлын хэсгээрээ хэлэлцүүлэх, Дэд ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн ажлын дэд хэсэгт оролцож буй албан хаагчдыг ажиллах нөхцөл, бололцоогоор хангаж, гүйцэтгэлд нь тухай бүр хяналт тавьж ажиллах, тохирлын үнэлгээний байгууллагуудыг шинээр бий болгох, бодлогоор дэмжих тодорхой төлөвлөгөө гарган танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
-
Улстөр нийгэм2022/01/10
Иргэдийг сайн дурын үндсэн дээр 4 дүгээр тунд хамруулж байна
-
Цаг үе2019/11/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Цаг үе2024/04/22
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
-
Цаг үе2020/12/08
Товчоодоор нэвтэрсэн 10 775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
