Цаг үе
“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлагын Дэлхийн конгресс” аравдугаар сард болно
Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага олон улсын байгууллагын Дэлхийн конгресс аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Дэйжон хотноо болно.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимовичийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотыг төлөөлж тус хуралд оролцохоор болжээ.

Улаанбаатар хотыг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд, мөн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагын Евроазийн бүс нутгийн салбар зөвлөлийн гишүүний хувьд олон улсын хувьд тавцанд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулахад нягт хамтран ажиллахыг зорьж байна гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэлж байлаа.
"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус байгууллага нь Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрх дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис зэрэг долоон бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хотын хувьд 2018-2021 онд тус байгууллагын Евроазийн бүс нутгийн салбарын Зөвлөлд албан ёсны гишүүнээр бүртгэгдсэн бөгөөд 2018, 2019 онд зохион байгуулагдсан хурлуудад амжилттай оролцсон билээ.
Энэхүү байгууллагад нэгдсэнээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.

Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2022/09/02
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл аж...
-
Цаг үе2021/12/30
Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авл...
-
Улстөр нийгэм2025/11/05
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2023/04/19
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
