Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын наймдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 23. Сугар гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.
Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөх тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Цаг үе
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
Цаг үе
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.



-
Улстөр нийгэм2022/05/12
ЗГ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
-
Урлаг спорт2024/08/27
Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
-
Цаг үе2021/02/03
Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Үзэл бодол2025/09/25
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
