Шударга мэдээ
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм.
Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.
Шударга мэдээ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгасан. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан.
Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байгаа юм. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барина. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.
Үйлдвэрийн ач холбогдол:
- Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устгана.
- Нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна.
- Үнэрийн голомтыг арилгана.
- Эрчим хүч үйлдвэрлэнэ.
- Ажлын байр нэмэгдэнэ.
- Хаягдлыг дахин ашиглах боломж бүрдэнэ.
Шударга мэдээ
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг.
- Онц аюултай
- Аюултай
- Их бохирдолтой
- Дунд зэргийн
- Бага бохирдолтой
- Хэвийн
Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ 860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий.
Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.
Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:
- Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
- Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
- Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна
Шударга мэдээ
Иргэд, жолооч нарын анхааралд!
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 08 цагийн байдлаар орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.
Одоогийн байдлаар:
- Архангай - Цэцэрлэг
- Булган - Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Орхон, Хутаг-Өндөр
- Завхан - Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс
- Орхон - Баян-Өндөр
- Увс - Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Сагил, Түргэн, Улаангом, Өндөрхангай
- Хэнтий - Баян-Адрага, Биндэр, Дадал
- Хөвсгөл - Баянзүрх, Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган аймаг, сумдад цас орсон байна.
-
Цаг үе2021/05/04
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна
-
Цаг үе2022/10/26
Худал мэдээлэл тараасан гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэв
-
Цаг үе2022/03/11
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Цаг үе2023/09/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй