Шударга мэдээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэж байна. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Өчигдрийн /2022.08.14-ний өдрийн/ байдлаар 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулжээ.

ГУББГ НЬ 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг 4 байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс долоон байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал:
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөл
-Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц
-Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Соёолж төвийн нүхэн гарцын хөндлөн шүүр угсралт
-Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
-Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 61 дүгээр сургууль орчмын зам талбайн ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм.


Шударга мэдээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





Шударга мэдээ
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлж байна
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ажилтан, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цаг ашиглалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, мэдээллийн технологийн ажилтнууд "Грийн Софт" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болон Чатбот үйлчилгээ хөгжүүлэлтийн менежер Н.Ахмаралтай уулзаж, тус компанийн чатбот үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар цахим хуудсандаа уг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар 9 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрууд цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр дуудлагын төвд ирэх ачаалал буурах, иргэдийн хэрэгцээг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэх, сэтгэл ханамжийг бодитой бөгөөд цаг алдалгүй хянах боломж бүрдэх юм.

-
Цаг үе2020/05/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2022/01/19
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Үзэл бодол2021/10/06
Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна
-
Цаг үе2021/01/13
Өнөөдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
