Цаг үе
Эрүүл мэндийн салбарынхан "Алхангаа ярилцъя" арга хэмжээг зохион байгууллаа
Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.

Энэ хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчиллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk” гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая" хэмээн уриаллаа.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж хүнд амд алхалтын ач холбогдлыг сурталчлав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Цаг үе
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооло
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.
Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
- Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
- Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
- Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
- Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Цаг үе
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

