Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

СЗХ: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, стандартыг биелүүлэх чиглэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан билээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон нэр бүхий 13 өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдсэнээр, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд койн/токен хэлбэрээр сугалаа, урамшуулал зохион байгуулах, сурталчилгаа хийх, үр шим амлах, худал, төөрөгдүүлсэн мэдээ түгээх, виртуал хөрөнгийг хувьцаа, бусад санхүүгийн хэрэгсэл мэтээр сурталчлах хандлага нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Харилцаа холбооны зохицуулах хороо, нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудад заасан шаардлагыг биелүүлэх, бүртгэлгүй этгээд виртуал хөрөнгийн арилжаа эрхлэх, үр шим, ашиг амлах, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ түгээхгүй байх талаар мэдэгдэж ажилласан. Түүнчлэн хууль тогтоомжид заасан шаардлагууд зөрчигдөх, хороонд бүртгэлгүй этгээд шилжилтийн үеийн зохицуулалтыг зөрчиж арилжаа зохион байгуулах, виртуал хөрөнгийг хувьцаа мэтээр нийтэд сурталчилж, хууль бус үйл ажиллагаа үйлдэгдэх эрсдэлт нөхцөл байдлыг илрүүлж нэр бүхий 1 хуулийн этгээдэд мэдэгдэл, 2 хуулийн этгээдэд улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна.

Дээрхтэй холбоотой асуудал, хууль тогтоомж зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг Хорооны 51-264444, 51-261113 дугаар, amlctf@frc.mn цахим хаягаар хүлээж авна. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Огноо:

,

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа усыг саарал ус гэж нэрлэдэг. Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна.

Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна.

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.

Улаанбаатар хотоос 30 орчим км зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй. Улаанбаатарын төв хэсгээрээ Туул голын хайрга нүдэнд харагдаж, цэлэлзэн урсах ч саарал усны эхтэй ойролцоо байршилд Туул голын усан дор зөвхөн дагтаршсан лаг хагшаас, өмхий үнэртэнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал Туул голын эко системд, хүн ам болоод мал амьтны эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны хэмжээний аюулын түвшинд хүрчээ. Ийм болоод олон жилийн нүүрийг үзсэн ч очиж харсан, ярьсан, сэрэмжлүүлсэн, үүнээс сэргийлэх, даван туулах ажлууд хийсэн шийдвэр гаргагчид байсангүй гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Хуучин төв цэвэрлэх хоногт 160-170 мянган метр.куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж даац нь хэтрээд удаж байгаа. Харин өнөөдөр Улаанбаатар хотоос шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Гэвч дан ганц шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болоод Туул голын бохирдлын асуудал шийдэгдэх боломжгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.  

Хотын дарга Х.Нямбаатар “Туул гол руу саарал ус нийлүүлэгдэж байгаа эх үүсвэр дээр очиж үзэхэд үнэхээр харамсалтай дүр зургууд харагдаж байна. Туул голын бохирдолд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн бохирдол маш ихээр нөлөөлдөг. Төвлөрсөн шугам руу тэдгээр үйлдвэрийн их хэмжээний бохирдол орохоор цэвэршүүлж дийлдэггүй. Энэ бүх асуудлыг олон жил хөндсөнгүй. Монгол Улсын Усны тухай хуульд “Эдгээр үйлдвэр заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой” хэмээн заасан ч хуулиа биелүүлдэггүй.

Туул голд нийлүүлэгдэж байгаа саарал ус нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх түвшинд цэвэршсэн байх ёстой. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Туул голын саарал ус нийлүүлэгдсэн хэсгүүдэд лаг хагшаас үүсч, маш их бохирдлыг үүсгэж байна. Туул гол, түүний ай сав бол олон зүйлийн загас, шувууд, амьтдын өлгий болсон монголчуудын эх түүхийг хадгалсан нутаг. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн ундны эх үүсвэр юм. Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс дараах ажлуудыг зохион байгуулна” гэв.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр өнөөдрийн байдлаар Туул голыг ихээр бохирдуулж байгаа 20 гаруй ААН хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. АПУ компани урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Үлдсэн 60 ААН буюу нийт 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох тал дээр Засгийн газар, холбогдох яамдын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай. ААН-үүд Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг нь ирсэн. Мөн ус бохирдуулсны төлбөрөө төлөх ёстой. Эдгээр үүргээ биелүүлэхгүй хэвээр байвал 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй. Тэдний ус бохирдуулсан төлбөрийг төв цэвэрлэх байгууламжийн урсгал зардал, лаг шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглах ёстой.

Тиймээс нэгдүгээрт, 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох,

Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд нэг ч лаг шатаах үйлдвэр байхгүй. Улаанбаатар хотоос төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийн баталсан. 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, арьс ширний үйлдвэрүүдийг гаргана.

Гуравдугаарт, нэгэнт үүссэн лаг хагшаасыг цэвэрлэхгүйгээр Туул голын эко систем сэргэхгүй. Энэ ажилд олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, Мянганы сорилтын сангийн саарал ус дахин боловсруулж технологийн ус гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усны 50 хувь нь стандартын түвшинд Туул руу, 50 хувь нь дулааны станц руу очдог болно.  

Тавдугаарт, усны хэрэглээндээ нийтээрээ анхаарч, өөрчлөлт гаргах нь та бидний хүрээлэн буй орчин, Туул голын эко системийг хамгаалахад оруулж буй үнэт хувь нэмэр болохыг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох