Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ирэх хоёр жилд аялал жуулчлалын салбарыг онцгойлон дэмжинэ

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.

2021 оны хоёрдугаар сард аялал жуулчлалын салбарынхантай Ерөнхий сайд анх уулзаж байсан. Үүнээс нэг жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдлаа цуцлан шар түвшинд шилжиж олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлах үед “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, аялал жуулчлалын салбарыг сэргээх тэргүүлэх бодлогын талаар түлхүү ярилцаж байв.

Харин өнөөдрийн уулзалт шийдэл ярьснаараа онцлог байлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жилд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд амаргүй сорилтууд тулгарч, эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж байгааг онцлоод хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах хүрээнд  тэргүүлэх чиглэлийн нэг болох аялал жуулчлалын салбарт Засгийн газраас ирэх хоёр жилд онцгой анхаарахаа илэрхийллээ. Мөн аялал жуулчлалын салбарт төрөөс хэрэгжүүлж буй ажлууд, бодит нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, хэтийн төлвийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зогсонги байдалд орж, орлого нь огцом буурч бодит хохирол амссанаас аялал жуулчлалын салбарт төр, засгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдэг онцлогтой. Энэ удаад Засгийн газрын гишүүд тодорхой үр дүн, шийдэл гаргахаар уулзаж байгаад аж ахуйн нэгжүүд ч талархаж буйгаа илэрхийлж байв.

2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унасан. Одоо л сэргэх хандлага ажиглагдаж буй. Тиймээс өмнөх уулзалтуудын үр дүн, төрөөс шийдвэрлэсэн болон ойрын үед шийдвэрлэж болох асуудлын талаар талууд илэн далангүй ярилцав.

Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн болон бусад төрлийн татвараас болж компаниудын дансыг хааж байгаа нь орлого олоход хүндрэл үүсгэж байгаа, НДШ-ийн 2020, 2021 онуудад төлөгдөөгүй хуримтлагдсан өр төлбөрийн хугацааг хойшлуулж өгөх, агаарын тээврийн үнэ тариф, тэр дундаа “МИАТ” компанийн Европын орнууд руу холбодог гол нислэг болох Франкфурт чиглэлийн үнэ тариф хэт өндөр, суудал олдохгүй байгааг төрөөс зохицуулж өгөхийг хүслээ.  Мөн орон нутгийн нислэг үйлдэж байгаа “Хүннү эйр” компани гэхэд одоо болтол нислэгийн хуваариа танилцуулахгүй байгаа нь жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг шийдэх, цахим виз олголт удаж, гацах, хугацаа алдах зэрэг хүндрэл үүсэж байгаа, аялал жуулчлал, зочид буудлуудтай харилцдаг хот, дүүргийн татвар, нийгмийн даатгал, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хүнд суртал, эс үйлдэхүй, дарамт их байдаг зэрэг олон асуудлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл жишээ баримттай ярьж, зарим асуудлыг газар дээр нь шууд шийдвэрлэлээ.

Засгийн газрын энэ оны 04-р сарын О6-ны өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлд аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, агаарын тээврийг либералчлах арга хэмжээг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттай олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгож агаарын боомтыг олон улсад нээх, богино зайн нислэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын жуулчдын автомашинтай аяллыг дэмжих зэргийг зохих журмын дагуу судалж, шийдвэрлэхээр болсонд Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн талархаж буйгаа энэ үеэр хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногоос эхлэн Засгийн газрын хурал бүрийн эхний нэг цагийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон аялал жуулчлалын салбарын асуудалд зориулахаар болсныг дуулгалаа. Мөн тэрбээр, “Аялал жуулчлал бол салангид ганц салбар биш. Соёл, гадаад харилцаа, цаашилбал замын цагдаа, нийслэлийн түгжрэл, хөдөөгийн зам, ТҮЦ-ийн болон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид хүртэл энэ салбарт хамаатай.  Олон хүнд өгөөж нь очдог экспортын салбар. Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфуртын нислэгийн тухайд МИАТ энэ жил алдагдлаа хоёрдугаарт тавиад нислэгийн тоог нь нэмэгдүүлж, тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судалж үзэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад 500 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүүнд төрөөс татаас өгөх, жуулчдад “Ковид-19”-ын шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэгт нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой.” гэлээ. Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар сэргэх хандлагатай болсон энэ цаг үед Монгол Улсын хувьд ч төр, хувийн хэвшил хамтраад энэ салбараа босгож ирэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгийнхээ төгсгөлд онцоллоо.     

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох