Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв

Огноо:

,

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож,  түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов.

Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, газруудад хэрэгжүүлэх ажлын санал, хүсэлтээ хүргэснээр тухайн ажил цаашдын төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжих боломжтой болно. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засаг дарга нар хороондоо тулгарч буй асуудал, нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хорооны хэмжээнд авч болох арга хэмжээний талаар санал хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг дарга П.Дэлгэрдалай "Түгжрэл бууруулах LRT төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төвд төвлөрөл ихтэй байгаа нь түгжрэлд нөлөөлж байгаагаас гадна Баянзүрх дүүргийн хувьд зүүн тийш тэлж байгаа учраас хөнгөн галт тэрэгний шугамыг хотын зах руу уртасгаасай гэж хүсэж байна" гэв.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн "Автобус хоорондын хугацаа урт, автобус хүйтэн, бас эвдрэлтэй байдаг учраас хотын алслагдсан хороодын иргэд ажил, гэртээ ирж очиход хүндрэлтэй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 болон 20 дугаар хороо зэрэг алслагдсан хороод руу хөнгөн галт тэрэг явуулдаггүй юмаа гэхэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хоорондын зорчих цагийг ойртуулж, автобусны буудлуудыг сайжруулах хэрэгтэй" гэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж "Асуудлыг илүү том зургаар хармаар байна. Улаанбаатар хот бол хөгжиж буй улсын нийслэл. Орон сууцууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийж, дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. LRT бол зөв төсөл, тиймээс иймэрхүү төслөө иргэд, олон нийтэд сайн тайлбарлан таниулах нь зүйтэй" гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох