Улстөр нийгэм
Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барина
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл болох баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын баримт бичгийг баталснаар эхний ээлжинд 1255 км орчим нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд, зүүн босоо нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км гэж тооцож байна.
Монголын төмөр зам ТӨХК-д болон бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг, төслийг боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр төмөр замуудыг барьж, төрд хүлээлгэн өгнө.
Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ гуравдугаар сарын 5-нд Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Дараагийн ачилт хийгдэж байгаа. Албан ёсны нээлт хийхэд бэлэн болсон” гэж мэдэгдлээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үзэл бодол2021/11/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг 3-р тунд...
-
Цаг үе2023/04/17
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2022/04/04
15 хоногийн хугацаанд 639 гараашийг буулгажээ
-
Цаг үе2026/05/28
Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэл...
