Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Т.Золжаргал: Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна

Огноо:

,

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг яагаад шинэчлэх болсон бэ?

-Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн. Хамгийн сүүлд 2019 онд тодорхой заалтуудыг өөрчилж, НИТХ-аар баталж мөрдөж байгаа. Урьд нь манай нийтлэг үйлчилгээний журмыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үздэг байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийтлэг үйлчилгээний журмаа нийслэл хот өөрөө баталж, мөрдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс шинэчлэн боловсруулаад байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл багтсан 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг журмын төслийг ирэх сард батлуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

-Журмын төсөлд шинээр ямар өөрчлөлтүүдийг тусгаж байгаа вэ?

-Цаг хугацаатай уялдуулаад хэд хэдэн шинэчлэлийг шинэ журамд тусгасан. 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн өөрчлөлт орсон. Зах, худалдааны төвүүдийн зохицуулалт, Онлайн төвийн цахим үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт орсон. Үүгээрээ өмнөх нийтлэг журмаас давуу талтай.

-Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй худалдааг 18 төрөлд хуваан үзсэн байсан. Эдгээрт ая тухтай дэлгүүр, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн өмнө нь түгээмэл байгаагүй төрлүүдийг нэмсэн байна лээ. Түүнчлэн улирлын чанартай сүүдрэвч худалдаа, дахивар авах цэг зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг багтаажээ?

-Тийм ээ. Сүүлийн 4-5 жилд шинээр дэлгэрч буй худалдаа, үйлчилгээний бүхий л салбарыг багтаан оруулж байгаа. Ая тухтай дэлгүүрийн стандартыг 2019 онд шинэчлэн гаргасан худалдаа, үйлчилгээний стандартад шинээр оруулж өгсөн. Худалдаа, үйлчилгээнийхэн ч шинэ тутам гарч байгаа үйлчилгээнд нийцүүлэн ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр нь иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, утасгүй интернэттэй, өөртөө үйлчлэх түргэн хоолны цэгтэй, зориулалтын хоол халаах болон хөргүүрийн тоног төхөөрөмжтэй байх зэрэг шаардлагыг стандартад тусгасан байдаг. Олон улсын дэлгүүрээс гадна үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн үйлчилгээ эрхэлж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна.

-Ая тухтай дэлгүүрүүд голчлон хотын төв хэсэгт байршдаг. Гэр хорооллын иргэдэд соёлтой, ая тухтай үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Судалгаанаас харахад коронавирусээс болж хөл хорио тогтоосон сүүлийн хоёр жилд томоохон супермаркетууд хотын зах руу олноор бий болсон. Хотын зах буюу авто тээврийн товчоод орчимд ая тухтай дэлгүүр олширсон. Гэр хороололд ая тухтай дэлгүүрийн сүлжээ нэмэгдэж байгаа. Цаашид гэр хороололд ая тухтай үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр манай хэлтсээс төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ахуйн үйлчилгээний нэр төрөл дунд айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх гэсэн шинэ төрлийн үйлчилгээг багтаажээ. Гадаадын улс орнуудад өргөн дэлгэр нэвтэрсэн хэдий ч манай улсад бол шинэ тутам дэлгэрч байгаа энэ үйлчилгээний зөвшөөрөл болон шаардлага, стандарт байдаг  уу?

-Айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх үйлчилгээнд тогтсон стандарт, зөвшөөрөл байдаггүй. Бид холбогдох байгууллагаас санал авч эхэлсэн. Тэрхүү саналд үндэслэн стандарт боловсруулж, батлах юм. Энэ төрлийн үйлчилгээнд хариуцлага, стандарт байх шаардлагатай.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бие засах засах газраар үйлчлүүлэхэд төлбөр авдаг. Үүнийг төлбөргүй болгох тухай шинээр боловсруулж буй нийтлэг үйлчилгээний журамд тусгасан нь шинэлэг санагдлаа?

-Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр орсон бас нэгэн заалт бол үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг  үнэ төлбөргүй болгох тухай юм. Харахад энгийн юм шиг хэрнээ хүний анхдагч хэрэгцээг хангахад анхаарахаас аргагүй. Манайд түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэх цаг болсон. Бизнесийн байгууллага ая тухтай, хүний төлөө үйлчилгээ нэвтрүүлж байж л үйлчлүүлэгчээ татна шүү дээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 18.664 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэн хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, тааламжит үнэ санал болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч чадаж  байна,  тэр байгууллагын бизнес өргөжнө. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээ татахын тулд нийтийн бие засах газар ажиллуулах, цэвэрхэн байлгахад анхаарч ажиллах ёстой.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамтай та дараах холбоосоор танилцаж, саналаа өгөх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох