Улстөр нийгэм
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын "Газпром" НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй өнөөдөр (2021 оны 12 дугаар сарын 16) уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор дараагийн 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өнгөрөгч 10 дугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.
"Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.
Шадар сайдын зүгээс Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо болон ОХУ-д бэлтгэх, сургах асуудлаар хамтран ажиллах асуудлаар тодорхой ярилцлаа.
Мөн Монгол талаас Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компаний ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлсэн. Танай талаас авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна" хэмээн уулзалтын төгсгөлд Шадар сайд хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Цаг үе2023/02/27
Зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулав
-
Цаг үе2023/05/17
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Улстөр нийгэм2025/01/29
“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно
-
Шударга мэдээ2024/07/30
III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замын шинэчлэлтийн ...
