Шударга мэдээ
“Омикрон” хувилбарыг илрүүлэх боломжтой
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон коронавируст халдварын цар тахлаас урьдчилэн сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих түр хорооны хамтарсан хуралдаан боллоо.
Хуралдаанаар цар тахлын “Омикрон” хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон. Мөн Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж байгааг дурдлаа. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа” гэлээ.
Мөн коронавируст халдварын шинэ төрлийн “Омикрон” хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонссон юм.
Мэдээлэлдээ “Файзер” компаниас олон нийтэд өгч байгаа мэдээлэлд гурван тунтай иргэдийн омикроноос хамгаалах чадвар хоёр тунтай иргэдийнхээс илүү өндөр байна гэдэг судалгааг гаргасан байна.
Өмнөд Африкт энэ өвчнийг эмчилж байгаа эмч нарыг өгч байгаа мэдээллээр энэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн биеийн байдалд хөнгөн байгаа. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй. Харин Их Британид Омикрон хувилбараар баталгаажсан нэг хүн нас барсан. Тус улсад одоогоор 4,000 орчим хүн халдвар батлагдсан байна.
АНУ-ын хувьд Омикронтой тэмцэх тактик нь бүүстэр тунг эрчимжүүлэх. Мөн амны хаалт, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж тэмцэх тактикийг баримталж байгаа” гэлээ.
Манай улс гурав дахь тунд хамрагдсан нь иргэдийн дархлааг нэмэгдүүлж халдварын тоог 90 орчим хувиар бууруулаад байна. Тиймээс гурав дахь тун бол зөвхөн дельта хувилбарын халдварыг бууруулахаас гадна омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол арга зам гэж үзэж байна. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдаас тодорхой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг төслийг яаралтай шинэчлэх, Омикрон хувилбар тархсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал ямар хэмжээнд байгаа тухай, хийгдэж буй ажлын судалгаа, мэдээллийг нэгтгэн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх шаардлага байгааг онцоллоо.
Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба
Шударга мэдээ
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа бог малыг дархлаажуулах ажил 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 19000 толгой малыг хамруулж дархлаажуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Уг дархлаажуулалтад 32000 толгой бог малыг хамруулахаар төлөвлөгдсөн байгаа аж.

Шударга мэдээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.
БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.

Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ. Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.
Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.

Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв.

Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.

Шударга мэдээ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа 2026 оны зуогаадугаар сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 3-нд монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн төслийг гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн хэрэг огтоос биш юм. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай, илүү бодит өгөөж үлдэцтэй байх үндсэн зарчим, үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Баялгийнхаа үнэ цэн, иргэндээ хүртээх үр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт хариуцлагатай, ил тод сайн засаглал тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг онцоллоо.

Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг, энэ цаг мөчид “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэлээ базаах эхлэл. Хариуцлагатай уул уурхайг дэмжих, олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн суурь болно гэлээ.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр өгөөж гарна. Үүнд:
Ордын хүчин чадал: Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Төсвийн орлого: Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэнэ.

Дотоодын хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэнэ.
Ажлын байр: Говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, Бортээгийн ордын үнэ цэнийг өсгөж, иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 хувьцаа эзэмшүүлж байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын шууд үргэлжлэл юм. Ингэснээр тус орд нь үндэсний чадавх, эдийн засгийн өгөөж, хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл болж байна.







-
Үзэл бодол2021/09/20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг ...
-
Цаг үе2023/01/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2022/11/03
ЗГ: Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана
-
Улстөр нийгэм2020/08/01
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа
