Шударга мэдээ
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа.
-Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу явагдаж буй нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ?
-Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн.
-Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ?
-Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна.
-Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна?
-Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа.

Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд:
- Өргөдөл
- Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс
- Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт
- Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана.
-Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ?
-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.
Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг
-Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу?
-1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь 1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой.
-Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна.
|
№ |
Он |
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нөхөн даатгалд хамруулсан байдал |
|||||
|
Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
Малчин |
Нийт |
|||||
|
Хүний тоо |
Мөнгөн дүн /мян төгрөг/ |
Хүний тоо |
Мөнгөн дүн /мян төгрөг/ |
Хүний тоо |
Мөнгөн дүн /мян төгрөг/ |
||
|
1 |
2020 |
28 |
34,000,000 |
22 |
24,000,000 |
50 |
58,000,000 |
|
2 |
2021 |
27 |
32,641,000 |
5 |
16,247,000 |
32 |
48,888,000 |
Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ.
-Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?
-Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
