Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2021 оны 11 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2026/08/14
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
-
Шударга мэдээ2024/03/28
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
-
Цаг үе2023/11/10
Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ
-
Цаг үе2023/08/11
Мал эмнэлгийн нэгдсэн систем өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэвийн ажиллаж ба...
