Цаг үе
Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өглөө
Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.
Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.
НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Улстөр нийгэм2023/09/26
Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэм...
-
Улстөр нийгэм2022/03/02
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэ...
-
Улстөр нийгэм2021/09/16
Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн...
-
Цаг үе2025/11/13
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
