Цаг үе
Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна
Герман улсын Denkpharma GmbH&Co.KG эм үйлдвэрлэгчээс Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийн идэвхт бодис Лозартан калийн найрлагад 4-хлор-азидометилтетразол гэх хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул бүтээгдэхүүнийг Олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байгаа мэдэгдлийг ирүүлсэн байна.
Иймд дээрх эмийн бүтээгдэхүүнийг импортлогч, ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүллээ гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Цаг үе
Татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарыг камераар илрүүлж байна
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камерыг ашиглан гудамж замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 хүнд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 хүнд холбогдох арга хэмжээг авч, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ.
Иргэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хэрвээ татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.
Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах” хуулийн зохицуулалт хэрэгждэг байна. Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг уриалж байна.
Цаг үе
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас
2026 оны дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна.
Хур тунадас: 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 17,18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15, 19-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 15-нд сэрүүхэн байна.
Цаг үе
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 100 хувь дууслаа. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Мөн автозамын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж буй.


-
Улстөр нийгэм2020/04/10
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 800 гаруй мянган иргэнийг х...
-
Цаг үе2022/12/15
Говь-Алтай-Ховд чиглэлд замын зорчих хэсэг болон хөвөөний цасыг Автогрeйдэрээр а...
-
Цаг үе2019/08/15
Сэрэмжлүүлэг
-
Цаг үе2021/11/25
Төрийн банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөг...
