Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар тус зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал болон төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцаж, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв. Тэр дундаа энэ удаагийн хуралдаанаар нийгэм залуу үеийнхэнд түгшүүр төрүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, тээвэрлэлтийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сонсов.
Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан. Хар тамхитай тэмцэх газар нь орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр бүрэн хангагдан ажиллаж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, сургуулийн нийгмийн ажилчдад мэдээлэл өгөх зэргээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлгүүдэд чиглэн зохион байгуулж байна” гэдгийг хэллээ. Түүнчлэн нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр 2021 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11,132 буюу 64,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1,218 хэрэг буюу 9,9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Ж.Батбаясгалан: Аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн гарч байна.
Тухайлбал гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан сайн дүн мэдээтэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, судалгааны байгууллагууд ялангуяа салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Монгол улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээ, эргэлтийн асуудал, энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх, хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээний хор аюул энэ цагт төдийгүй ирээдүйд асар хор уршигтай үр дагавар үүсгэх эрсдэлтэй байгааг бид ард иргэддээ, үр хүүхэд, ирээдүй хойчдоо тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, зөв бодитой мэдээ мэдээллээр хангаж ажиллах нь чухал.
Тийм учраас бид энэ удаагийн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлыг хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм эмийн хэрэглээ, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцлээ. Аливаа гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн оролцоо, хяналт хамгийн чухал. Ер нь агаар орчны бохирдол, цар тахлын аюул, гэмт хэрэг, зөрчил зэрэг аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг ” гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Цаг үе2022/12/15
Говь-Алтай-Ховд чиглэлд замын зорчих хэсэг болон хөвөөний цасыг Автогрeйдэрээр а...
-
Улстөр нийгэм2024/05/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үзэл бодол2022/06/09
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож ...
-
Улстөр нийгэм2024/02/29
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзла...
