Үзэл бодол
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ?
-Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлчихээд байна. Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Агуулахын хувьд машин ороод түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай байх ёстой. Түлш нөөцлөлтөд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьдаг.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар чиглэлийн хяналт тавьдаг вэ?
-Түлшийг стандартын дагуу хадгалж буй эсэхэд хяналт тавьдаг. Түлшийг 16 үеэр өрж, хадгалдаг. Хэт өндөр, таазанд тултал өрвөл доогуур тавьсан түлш хагарч, бутрах, түлэхэд хүндрэл үүсдэг. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа.
-Борлуулалтын цэг хэр хүртээмжтэй байгаа вэ. Иргэд заавал борлуулалтын цэгээс худалдаж авах уу. Эсвэл агуулахад ойр айлууд агуулахаас авч болох уу?
-Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд ч мөн тус компани хариуцсан. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-наас эхлэн судалгаа явуулж, нийтдээ 600 гаруй цэгт борлуулалт хийхээр болсон. Агуулахын хувьд нөөц бүрдүүлж, хадгалах зориулалттай учир шууд худалдах боломжгүй. Тиймээс иргэд борлуулалтын цэгээс худалдаж авах учиртай.
-Өнгөрсөн онд сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж хэр байсан бэ?
-2019-2020 оны хувьд бид 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцтэй, өвлийг өнтэй давсан.
-Сайжруулсан шахмал түлш илч сайтай ч долоо хоногт зургаан шуудай нүүрс хараахан хүрэлцэхгүй байна гэсэн саналыг иргэд хэлж байсан. Түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?
-Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай. Түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Өглөө галлаад орой болтол дулаанаа барих боломжтой. Гэхдээ айл өрхүүдийн дулаалгаас бас шалтгаална. Гэр, байшин нь дулаан алдагдалтай бол үр дүн муутай байх нь мэдээж. Харин зургаан шуудай нүүрсийг нэмэгдүүлэх тухайд “Таван толгой түлш” ХХК-д асуудлаа тавьж шийдүүлэх юм.
-Өвөл их хүйтэрвэл шахмал түлшний нөөц хэр байх бол?
-Сайжруулсан шахмал түлшний нөөцийг 60 мянган тонн орчимд байлгаж чадвал ямар ч хүйтэнд ажрахгүй. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4 мянган тонн байдаг. Тэгэхээр 60 мянган тонн түлш нөөцөлбөл эрсдэл үүсэхгүй.
-Сайжруулсан шахмал түлш түлдэг айл өрхүүд өвлийг өнтэй давахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Юун түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг анхаараад, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг сайн хангах ёстой. Галлагаа эхлэхээс өмнө “Өнтэй өвөлжье” аяныг зохион байгуулсан. Тэрхүү өдөрлөгөөс сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болсноос гадна сэргээгдэх эрчим хүч, хийн халаалт, утаа бууруулах төслүүдийн талаар мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна.
-Борлуулалтын цэгийн ажиллагааг хэрхэн хянах вэ?
-Борлуулалтын цэгийн хувьд ид ачааллын үед түлш тасалдах тохиолдол мэр сэр гарч иргэд бухимдах нь бий. Тээвэрлэлт, түгжрэлээс гадна машин механизмын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол, санал гардаг. Тиймээс энэ мэт эрсдэл, алдааг давтахгүй байхаар ярилцаж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2025/12/19
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2026/07/28
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2025/04/09
Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов
-
Цаг үе2021/11/24
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ба...
