Шударга мэдээ
Цэвэр ус хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьтаж бид ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацааг өнгөрч буй. Тэгвэл тус Ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаа. Хуралдааныг тус газрын дарга Л.Тулгабаатар удирдан явуулж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөллүүд оролцон, саналаа тусгасан юм. Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцэв.
Энэ ажлын хүрээнд цаашид шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримтлан ажиллана. Мөн ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судлах, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайбал, ухаалаг тоолуурыг нэвтрүүлснээр тоолуурын өөрийн цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, хэрэглэгчид усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах, усны зохистой хэрэглээг бий болгох зэрэг давуу талууд нээгдэх юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 120 мянган орчим механик тоолуур бүртгэгдсэн байна гэж Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
