Цаг үе
Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө
Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймээс үүнд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамаараад 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан. Мөн 2020 онд дахин 25 автомашинаар парк шинэчлэл хийх шийдвэр гарч, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлэсэн хэдий ч төсвийн тодорхой хүндрэлүүд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж он дамжин нийлүүлэгджээ.
Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм. Цаашид дүүрэг бүрд үе шаттайгаар хог тээврийн машин олгоно гэдгийг албаныхан энэ үеэр хэлж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй олон асуудал тулгарч байна. Тухайлбал, хог тээврийн тусгай зориулалтын машины хүрэлцээ, хангамж муу байна. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийж чадаагүй. Үүнээс улбаатайгаар хогны тээвэрлэлтэд хүндрэл гарч, нийслэлийн гэр хороолол, орон сууц, зуслангийн чиглэлд үүссэн үүсмэл хогуудаа дор бүр нь авч чадахгүй байдал бий болсон.
Гэхдээ бид зүгээр суугаагүй. Нийслэл, дүүргийн дарга нар, энэ чиглэлийн байгууллагууд боломжоороо ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот нийтийн урсгал зардлын хэмнэлтээс, мөн хувийн хэвшлийн хог тээврийн байгууллагуудыг оролцуулж, зардлыг нь гаргаж, хүндрэлтэй байгаа дүүргүүдийнхээ хогийг шуурхай тээвэрлэх арга хэмжээ авсан. Ковидтой холбоотойгоор зуслангийн бүсэд их айл бууснаар хогны хэмжээ нэмэгдсэн тул манайхаас 200 сая гаруй төгрөгийн эх үүсвэр олж, зуслангийн бүсэд гурван хувийн хэвшлийн есөн хог тээврийн машин гаргаж, хог ачих давтамжийг нэмэгдүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Хог хаягдлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэл хийж байгаагийн эхлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ. Цаашид жил бүр хог тээврийн автомашинд парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Энэ үеэр тохижилт, үйлчилгээний компанийн жолооч нар автомашин хүрэлцээгүй байсан тухайгаа ярьж, шинэ машинтай болж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа.
Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нийслэлийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгаагаа албаныхан хэлж байв.



Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Цаг үе2021/12/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Улстөр нийгэм2023/09/21
Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбө...
-
Улстөр нийгэм2020/01/29
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсе...
-
Шударга мэдээ2021/12/23
Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн үйлчилгээ
