Цаг үе
Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургаадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна.
-Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ?
-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.
-Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.
-Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ?
-Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн.
-Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ?
-Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.
-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






Цаг үе
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





-
Цаг үе2025/02/14
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ
-
Цаг үе2023/02/01
Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
-
Шударга мэдээ2019/10/01
“Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах”-д ...
-
Улстөр нийгэм2022/10/03
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ дотуур байр...
