Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Эрхэмбаяр: Ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй цахилгааны үнэ бодит өртгөөс дунджаар 30 орчим хувиар бага байгаа

Огноо:

,

Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн гаргаж Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсан юм.

-Монгол Улсын эрчим хүчний салбар өнгөрсөн онд хичнээн хэмжээний цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн бэ? Импортын цахилгааны хэмжээ энэ онд буурсан уу?

- Өнгөрсөн 2020 онд Монгол Улсын  дотооддоо үйлдвэрлэсэн цахилгааны  хэмжээ 7.1 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.1 тэрбум кВт.ц буюу хоёр хувиар өссөн. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноос 0.3 сая Гкал-аар буюу 4 хувиар нэмэгдэн 9.1 сая Гкал, бусад аймаг, суурин газрын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ 0.3 сая Гкал буюу 9.9 хувиар нэмэгдэн 3.4 сая Гкал, нийт дулааны үйлдвэрлэл 0.7 сая Гкал-аар буюу 5.5 хувиар нэмэгдэж 12.5 сая Гкал хүрсэн байна. ОХУ-аас худалдаж авсан импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оны гүйцэтгэлээс 60.1 сая кВт.ц-аар буюу 16.2 хувиар буурч 312.2 сая кВт.ц боллоо. 2020 онд ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Үүний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авсан дүнтэй байна.

- Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?

- Цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 89 МВт-аар өргөтгөсөн, мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлалтай 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орж Хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосноор нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадал 119 МВт-аар нэмэгдлээ.

-Эрчим хүчний салбарт хийсэн  хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Дөрөвдүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар өргөтгөсөн ажил байсан. Энэ төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн вэ?

-“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.2 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр. Энэ станцын нөөц боломж, хүн хүч, техник технолгийг ашиглан, хүчин чадлыг өргөтгөх томоохон хэмжээний  төслийг  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийсэн. Өнгөрсөн 2020 онд  “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн дөрвөн турбингенераторыг өргөтгөлөө.  Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, төвийн бүсийн хэмжээнд хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. Тодруулж хэлэхэд 89 МВт-аар өргөтгөснөөр 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болох 93 сая ам.долларыг улсын төсөвт болон хэрэглэгчдэд дарамт үзүүлэхгүйгээр долоон жилийн хугацаанд төлж барагдуулах санхүү, эдийн засгийн тооцоог манай хорооноос хийсэн.

- COVID-19 цар тахлаас шалтгаалан 2020 онд бүхий л салбарт санхүүгийн хямрал нүүрлээд байгаа. Эрчим хүчний салбарын хувьд ямархуу байгаа вэ?

-Амаргүй хүнд жилийг эрчим хүчний салбарын хамт олон амжилттай давж гарсан гэж хэлж болно. Юуны өмнө хэлэхэд хэрэглэгчийн үнэ тарифт өөрчлөлт ороогүй. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар”-ын эх үүсвэргүй өр төлбөр буюу алдагдлыг бууруулах зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналыг боловсруулсан.  Тухайлбал ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны болон чадлын хэмжээг багасгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тоног төхөөрөмжийн эрсдэлийг бодитой үнэлэн зарим хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг эрэмбэлэн хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг дөрвөөс доошгүй хувиар хэмнэх, цахилгаан, дулааны түгээлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, улмаар бизнес төлөвлөгөө, зорилтод түвшний үзүүлэлтүүдэд тодотгол хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний дүнд 2020 онд төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар” хуримтлагдсан алдагдлыг 37 тэрбум төгрөгөөр буюу 9 гаруй хувиар бууруулж чадсан.

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар арга хэмжээ авч  ажиллаж байна вэ?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрчим хүчний салбарын нийт 325 компанийн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцооны урьдчилгаа болон гүйцэтгэлийн мэдээллийг сар бүр нэгтгэн хянах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

-Эрчим хүчтэй холбоотой  хичнээн төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцаад байгаа вэ? Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэглэгчдэд өнгөрсөн онд хэдэн төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн бэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо нь цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлтэй  холбоотой  Засгийн газраас гаргасан 3 чухал тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоол гэж байна. Энэ тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт орсноор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх болсон. Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна. Нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифын хөнгөлөлтөөс үүссэн 18.1 тэрбум төгрөгийг хөнгөлсөн. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргсан бөгөөд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлэгчдэд 2020 онд нийт 100 орчим сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлээд байна.  Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 1052 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Тогтоол хэрэгжсэн хугацаанаас буюу 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр саруудад хэрэглэгчийн цаxилгаан, дулааны эрчим xүч, дулааны уурын төлбөр болох 359 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар төлсөн байна.

Айл өрхөд борлуулж байгаа цахилгааны тариф өртгөөсөө бага байдаг гэж ярьдаг. Өнөөгийн байдлаар ямар түвшинд байгаа вэ?

Айл өрхүүдэд борлуулж байгаа цахилгаан эрчим хүчний тариф бодит өртгөөс доогуур байгаа. Өнөөгийн байдлаар нэгж кВт.ц цахилгааны өртөг 183.65 төгрөг. Одоо мөрдөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний тарифыг танд тайлан мэдээнээс тодорхой хэлье. Энгийн тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны тариф 150 кВт.ц хүртэлх хэрэглээнд 134.28 төг/кВт.ц, 151 кВт.ц-аас дээших хэрэглээнд 154.08 төг/кВт.ц байгаа бөгөөд нэгжийн өртгөөс 19-37 хувиар доогуур, мөн цагийн ялгаварт тарифт тоолууртай өрийн цахилгааны тариф өдрийн хэрэглээнд 140.18 төг/кВт.ц, шөнийн хэрэглээнд 112.98 төг/кВт.ц буюу бодит өртгөөс 31-63 хувиар доогуур түвшинд байна. НӨАТ-гүйгээр. Ахуйн хэрэглэгчдэд дээрх байдлаар бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч борлуулснаар 2020 онд Улсын хэмжээнд нийт дүнгээр 80.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Айл өрхөд цахилгааныг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаагаас нэг өрхөд сард дунджаар НӨАТ-тай дүнгээр 8220 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг гэж хэлж болно.

Өнөөдөр эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хичнээн компани байдаг вэ? Эдгээр компаниудад танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьж ажилладаг вэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны байдлаар нийт 192 хуулийн этгээдийн 11 нэр төрлийн 317 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу зохицуулж ажилладаг хараат бус  зохицуулалтын байгууллага юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Бидний зүгээс эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтыг тодорхойлж, үүнийгээ жил бүр дүгнэж ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна, 2020 онд төлөвлөгөөт 6, төлөвлөгөөт бус 4, нийт 10 хяналт шалгалт хийж, шалгалтаар 48 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр 49 үүрэг даалгавар, 12 зөвлөмжийг хугацаатай өгч биелэлтэд нь хяналт тавьж ажилласан.Төгсгөлд нь хэлэхэд та бид хоёрын ярилцлагандаа иш татсан Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлан сэтгүүл, эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүдийн эмхэтгэлийг манай Хорооны цахим хуудсанд байршуулсан байгаа тул нарийвчлан танилцах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Өдрийн сонин

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох