Цаг үе
Коронавирусний халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.2 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.
-Гэрээр коронавирусний эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн магадалгааг хаанаас авах вэ?
-Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэдэд QR кодтой эмчийн магадалгаа олгож байгаа. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авна.
-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд ойрын хавьтал болсон бол PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?
-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирус халдвараар өвчилж эдгэсэн болон вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол PCR шинжилгээг өгөх шаардлагагүй.
-PCR шинжилгээ хаана өгөх вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Шинжилгээний цэгийн байршлууд:
- Баянгол дүүрэг- 96 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2025/10/06
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж...
-
Цаг үе2026/03/24
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болг...
-
Цаг үе2024/02/23
Шинэ Яармаг цогцолбор хорооллын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна
-
Улстөр нийгэм2023/06/08
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
