Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Улстөр нийгэм2021/08/04
У.Хүрэлсүх: Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунл...
-
Улстөр нийгэм2023/05/11
Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэл...
-
Урлаг спорт2019/08/06
Ган замчид 70 жилийн ой, мэргэжлийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ
-
Үзэл бодол2020/11/11
Мөнхийн дуудлага буюу хос дэнс
