Цаг үе
Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлбар өгөв
Цэргийн ангид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн. Гэвч 326 дугаар ангийн цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, нас барсан эмгэнэлтэй тохиолдол 3 дугаар сарын 31-нд гарсан тул ХЭҮК-ын гишүүний Шаардлагын биелэлтийн талаар ЗХЖШ-аас тайлбарлахыг шаардсан билээ.
2021 оны 4 дүгээр сарын 6-нд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар ХЭҮК-т ирж, тайлбар өглөө. Тэрээр цэргийн амь нас хохирсон явдалд харамсч, шуурхай арга хэмжээ авч, дотоодын хяналт шалгалтуудыг хийсэн. Шалгалтын явцад тухайн ангийн удирдлагыг ажилдаа тэнцэхгүй байгааг тогтоож, шийдвэр гаргах хооронд ийм харамсалтай хэрэг гарлаа. Салбарынхаа зөрчлийг арилгахын тулд цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна.
Судалгаа, хяналт шалгалтын мөрөөр цэргийн бодлогыг шинэчлэх, дүрэм журмыг өөрчлөх, хөндлөнгийн хяналтын нэгжийг шинээр бий болгох зэргээр хүний эрхийг хангасан арга барил, дэг жаяг, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхний шаардлагын мөрөөр тодорхой ажлуудыг эхлүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тус тайлбарыг сонсоод цэргийн номлол, үзэл баримтлалыг хүний хөгжилтэй уялдуулан шинэчлэх, цэргийн ангид үйлчилж буй дүрэм журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, дүрмийн бус харьцааны хэлбэрүүд өөрчлөгдөж байгааг анхааралдаа авч, уг үндсээр нь таслах, цэргийн иргэний хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Цаг үе
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.
Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:
- Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
- Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
- Давхар вакум шилний оронд дан шилтэй
- Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
- Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй
Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.
Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.
