Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит зургаа дахь удаагийн хуралдаан энэ сарын 26-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

 Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм. Мөн хуралдаанаар “Сүү” ХК-ийн нэмж гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах, “Мандал ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.

Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 7 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе10 цаг 18 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ11 цаг 8 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм11 цаг 25 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм11 цаг 31 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм11 цаг 41 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе11 цаг 46 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе11 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох