Улстөр нийгэм
ЗГ: PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:
- PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө.
- Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.
- "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
- "Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.
Улстөр нийгэм
Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан стандартчилал болон Кодексийн үйл ажиллагааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, олон улсын Кодексийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэв.
Энэ үеэр хоёр тал хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан олон улсын стандарт боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, Кодексийн чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Улстөр нийгэм
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Улстөр нийгэм
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.
Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

-
Улстөр нийгэм2020/06/03
“Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн үр дүн, туршлага, сургамж&rdq...
-
Цаг үе2023/05/08
ГИХГ: Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой
-
Улстөр нийгэм2024/12/13
Хуулинд төмөр замын асуудал хариуцсан агентлагтай байна гэж заасан ч одоо хүртэл...
-
Урлаг спорт2024/09/19
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
